Нийслэлд нэг хүнд гурван автомашин ногдож байна

Дунд голын бүтээн байгуулалт өнгөрсөн 15-ны өдрөөс эхэлж, долоон түр зам нээгдээд 10 хонож байна. Гэвч нийслэлчүүд түгжирсээр л…Түгжрэл хотын иргэдийн толгойны өвчин байсан бол одоо амьдралын хэв маяг болжээ. Хүмүүс түгжрэлийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар бодож, цагийн өндөр зохион байгуулалттай байхыг ажил хэрэгч иргэдээс хотын түгжрэл “шаардаж” байна. Түгжрэлийг шийдвэрлэх талаар салбарын судлаачид олон гаргалгааг гаргаж түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өдөр бүр “ярьдаг” ч тэдгээр зөвлөмжийн эсрэг ажлууд хийгдсээр л…”Машины зам нэмж барьснаар түгжрэл буурна” гэж мэргэн ардууд айлдаж байсан бол одоо “Дугуйн болон явган зам нэмж барьснаар түгжрэл буурна” гэж Улаанбаатарчууд айлдаж байна. Салбарын ажиглагчдын үзэж байгаагаар нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нэмж авто зам барих бус замын хөдөлгөөний инженерчлэл, уулзварын нэвтрэх чадварыг сайжруулахыг зөвлөж байгаа юм. Анх Улаанбаатар хотыг 125000 хүн амтай, 10 мянган тээврийн хэрэгсэл зорчихоор төлөвлөсөн байдаг ч өнөөдрийн байдлаар нийслэлд 1,4 сая хүнтэй, 505 мянган тээврийн хэрэгсэлтэй болжээ. Зөвхөн тээврийн хэрэгсэл гэхэд жилд 50 гаруй мянгаар нэмэгддэг талаар замын хөдөлгөөний хяналтын газраас мэдээлж байгаа юм. Тиймээс нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх нь автозамын түгжрэл, түгжрэлийг дагасан бухимдлыг арилгах чухал шийдэл болохыг салбарын төлөөллүүд онцолж байгаа юм. Дээр нь

-Замын хөдөлгөөний соёл,

-Төр болон хувийн хэвшлийн байгууллагын ажлын цагийн хуваарь,

-Нийслэл дэхь томоохон зах худалдааны төвийн үйл ажиллагаа,

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарч замын түгжрэл үүсч байгааг судлаач, мэргэжилтнүүд хэлсээр байна. Эдгээрт зохицуулалт хийх, нэн түрүүнд хувийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлахын тулд дугуйн болон явган замыг нэмж, такси болон нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг “Монгол тв” телевизийн “Нүүдэл шийдэл-Дугаарын хязгаарлалт ба дунд голын бүтээн байгуулалт” хэлэлцүүлэг нэвтрүүлэгт оролцогч талууд онцолсныг дахин сануулъя. Магадгүй шийдвэр гаргагч албан тушаалтнууд унших ч юм бил үү?

Нүүдэл Шийдэл-Дугаарын хязгаарлалт ба дунд голын бүтээн байгуулалт хэлэлцүүлгийн онцлох эшлэлийг энд-ээс уншина уу.

Б.Хулан