Трамп-Кимийн уулзалт зохион байгуулагдах боломжтой газраар Монгол болон Сингапур улсууд нэрлэгдэж байна

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах боломжтой газраар Монгол болон Сингапур гэсэн хоёр газар тунаж үлдээд байна гэж эх сурвалжийн мэдээлснийг БНСУ-ын өдөр тутмын сонин болох “JoonangDaily” уламжилсан байна. Уулзалт зохион байгуулагдах боломжтой газруудын тоонд нэрлэгдэж байсан Швейцарь болон Швед улсууд руу Хойд Солонгосын удирдагч зорчиход хүндрэлтэй гэсэн шалтгааны улмаас жагсаалтаас хасагдсан бол хамгийн өндөр магадлалтай хувилбараар нэрлэгдэж байгаа Монгол болон Сингапур гэсэн хоёр улсын аль нэгийг талууд энэ долоо хоногтоо багтаан сонгохоор болсон тухай эх сурвалж мэдээлжээ.

Ким Жон Уны Зөвлөлтийн үед сэргээн засварлагдаж байсан Чаммэе-1 онгоц нь Европын орнууд руу нислэг үйлдэх боломжгүй учраас Хойд Солонгосын тал Европын орнуудад уулзалтыг зохион байгуулах сонирхолгүй байгаа юм. Пхеньянаас Шведийн Стокхолм хот руу хүрэхийн тулд 7200 км, Швейцарын Цюрих хот руу 8500 км замыг туулах шаардлагатай. Харин 1970-аад онд бүтээгдэж байсан Чаммэе-1 онгоц нь 5000 км газрыг туулах хүчин чадалтай юм. БНАСАУ-ын талаас өөрсдийн нийслэл хот болох Пхеньяныг санал болгосон ч АНУ тус саналыг зөвшөөрөх магадлал бага тул эртнээс найрсаг харилцаатай Монгол улс уулзалтыг зохион байгуулах хамгийн боломжит хувилбараар нэрлэгдээд байна. Түүнчлэн Монгол улс руу Ким Жон Ун сум нэвтэрдэггүй галт тэргээрээ саадгүй зорчих боломжтой нь Монгол улсыг сонгох гол шалтгаан болж байгаа тухай эх сурвалж мэдээлжээ.

АНУ-ын хувьд Монгол улстай найрсаг харилцаатай хэдий ч дэд бүтцийн хөгжил сул гэсэн шалтгаанаар Монгол улсаас илүү Сингапур улсыг уулзалт зохион байгуулахад тохиромжтой хувилбар гэж үзэж байна. “АНУ-ын засгийн газар эрх ашгийнхаа үүднээс уулзалт хийх боломжтой газруудын тооноос Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг улсуудыг хассан. Зүүн Өмнөд Азийн улсуудын дотроос уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромтой газраар Сингапур улс сонгогдоод байна” гэжээ.

Дэд бүтэц сайн хөгжсөн болон аюулгүй байдлын тал дээр Сингапур улс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын тавьж буй шаардлагыг хангаж чадаж байна гэж үзэж байгаа бололтой. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Сингапур руу явахын тулд онгоцоор 6 цаг гаран нисэх шаардлагатай бөгөөд 5000 км туулах чадалтай Чаммэе-1 онгоцоороо 4700 км замыг туулах шаардлагатай болох юм. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засгийн газар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай ирэх 5-р сарын сүүлээр юмуу 6-р сарын эхээр хийхээр товлосон түүхэн чухал уулзалтыг зохион байгуулах газарт ихээхэн өндөр ач холбогдол өгч байна гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Б.Амарзаяа