“Korean Air” компанийн захирал хоёр охиноо албан тушаалаас нь огцруулжээ

БНСУ-ын “Korean Air” компанийн гүйцэтгэх захирал Чой Ян Хо эрх мэдлээрээ далайлган бусдад дээрэнгүй хандсан гэх хэрэгт орооцолдоод байгаа хоёр охиноо удирдах албан тушаалаас огцруулж байгаагаа зарласан байна. Түүний бага охин “Korean Air” компанийн маркетингийн хэлтсийн дарга Чой Хюн Минийг өнгөрөгч сард хурлын үеэр ажилтныхаа нүүр рүү ус цацсан хэрэгт буруутган цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бол том охин Чой Хюн А нь 2014 онд онгоцны үйлчлэгчийг самар авч ирж өгөхдөө тавганд биш ууттай нь авч ирж өглөө хэмээн онгоцноос хөөж, нислэгээ хойшлуулан олон хүний ажлыг цалгардуулсан хэргээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орж улмаар 2015 онд агаарын тээврийн аюулгүй байдлыг алдагдуулсан, эрх мэдлээрээ дарамталсан зэрэг хэргүүдээр таван сарын турш хоригдсон.

Чой Ян Хо: “Korean Air” компанийн гүйцэтгэх захирлын хувиар мөн эцэг хүнийхээ хувиар би охидынхоо ёс зүйгүй үйлдэлд уучлалт гуйж байна. Энэ бүхэн миний буруу. Гэр бүлийн маань гишүүдийн үйлдлээс болж хохирол амссан компанийхаа бүх ажилтан албан хаагчдаасаа хүлцэл өчье”

Өмнөд Солонгосын тэргүүлэх агаарын тээврийн компани болох “Korean Air” -ийн гүйцэтгэх захирлын охид ийнхүү ёс зүйн алдаа гаргасан нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байна. Дээрх хэргүүд шуугиан дэгдээж эхэлснээс хойш Кореан Эйр компанийг нэрнээсээ “Korea” буюу Солонгос улсын нэрийг авч хаяхыг шаардсан бичигт нийт 56.000 хүн гарын үсгээ зуржээ. Энэ хэргээс гадна Чой Ян Хогийн гэр бүлийнхнийг татвар төлөлгүйгээр тансаг эдлэлүүд оруулж ирдэг гэсэн хэрэгтэй холбогдуулан өнгөрөгч бямба гарагт цагдаагийн ажилчид тус компанийн төв оффист нэгжлэг хийсэн байна.

Б.Амарзаяа