Их Британийн хатан хааны гэр бүл шинэхэн гишүүнээ өлгийдөн авлаа

Их Британийн ханхүү Уилльям болон түүний гэргий Кэйт Миддлтон нар гурав дахь хүүхдээ даваа гарагт өлгийдөн авсан байна. Их Британийн хаан ширээнд тавдугаарт бичигдэж байгаа тэдний отгон хүү орон нутгийн цагаар 11 цагийн үед Лондон хот дахь Гэгээн Мэригийн амаржих газар мэндэлжээ. Хосуудын том хүү дөрвөн настай Жорж ирэх есдүгээр сард сургуулийн бэлтгэл бүлэгт элсэх бол өнгөрөгч нэгдүгээр сард цэцэрлэгт явж эхэлсэн дүү Шарлот нь удахгүй 3 нас хүрэх гэж байна. Хүүхдүүдээ дөнгөж мэндэлсэн дүүтэй нь уулзуулахаар ханхүү Уилльям Гэгээн Мэригийн амаржих газар хүргэж ирсэн нь зураглаачдын дуранд буужээ.

Шинээр мэндэлсэн ханхүү одоогоор их британийн хаан ширээнд хунтайж Чарьлз, ханхүү Уилльям болон Жорж, гүнж Шарлотын дараагаар тавдугаарт бичигдэж байна. Ханхүүг мэндэлсэн 4-р сарын 23-ны өдөр Гэгээн Жоржийн өдөр Их Британи улсад тохиож байснаараа давхар давхар баярууд давхцсан үйл явдал тохиожээ. Кэйт Миддлтоныг эмнэлэгээс гарахдаа улаан өнгийн даашинз өмссөнийг зарим хүмүүс Гэгээн Жоржийн өдөрт зориулан улаан өнгийн даашинз сонгосон хэмээн таамаглаж байгаа бол зарим нь 1984 онд Диана гүнж ханхүү Харриг төрүүлэх үедээ өмссөн байсан даашинзтай нь ижилхэн гэж үзэж байгаа юм. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй ханхүү Уилльямын гэр бүлд халуун баяр хүргэж байгаагаа твиттертээ бичжээ.

 

Б.Амарзаяа