“УЛААНБААТАР” БАГ ХЯТАДЫН НАНЬЖИН ХОТЫН ГРАН ПРИ ТЭМЦЭЭНД III БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 төрлийн 2018 оны хоёр дахь гранпри тэмцээн БНХАУ-ын Нанжинь хотноо болж Монгол улсаас хоёр баг амжилттай оролцлоо. “Улаанбаатар” болон “Ховд” багууд энэ тэмцээнээс долоо хоногийн өмнө БНСУ-д болсон гран при тэмцээнийг зургаа, есдүгээр байраар өндөрлүүлж байлаа. Харин энэ удаад “Улаанбаатар Хангарьд” баг Хорват, Сербийн багуудтай нэг хэсэгт багтсан. Улмаар “Улаанбаатар” баг тэмцээний эхний тоглолтондоо Сербийн Раска багийг 19-15-аар хожсон бол удаах тоглолтондоо Хорватын “Сплит” багийг эцсийн мөчид буулгаж авснаар хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд шалгарсан юм. Сонирхолтой нь “Ховд” баг мөн хэсгийн шатанд эхний тоглолтондоо Японы багийг хожсон ч удаах тоглолтонд дэлхийн чансааны дөрөвт бичигдэж байгаа Словенийн “Пиран” багт хожигдсоноор хоёрдугаар байраар шалгарч “Улаанбаатар”-ын эсрэг тоглохоор болсон. Ингээд хасагдах шатанд Монголын хоёр баг хоорондоо тоглоход “Улаанбаатар” 22:18-аар буулган авч хагас шигшээд шалгарлаа. Улмаар шөвгийн дөрөвт Москва Инанома багтай таарч 21:18-аар хожигдсон юм. Оросын баг өмнөх шатанд дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга Сербийн Нови Саадыг хожоод байлаа. Ингээд Улаанбаатар баг гуравдугаар байранд орж 3000 америк долларын шагнал, мөн ирэх есдүгээр сарын сүүлээр БНХАУ-д болох Их дуулга тэмцээний эрхээ авчээ.