“УЛААНБААТАР СИТИ” СУПЕР ЦОМЫН ТОГЛОЛТОНД ЯЛЛАА

Монголын хөл бөмбөгийн талбайн улирал Супер цомын тоглолтоор эхэллээ. Дээд лигийн 11 удаагийн аварга Эрчим клуб, өнгөрсөн жил лигт дэд байр эзэлж, МХБХ-ны цомын тэмцээнд анх удаа түрүүлсэн “Улаанбаатар Сити”-гийн эсрэг тоглосон юм. Сонирхолтой нь үнэмлэхүй аваргууд эхний үед дөрвөн гоол алдсан юм. 11 дэх минутанд Б.Төгсбилэг тоог нээсэн. Харин удаах гурван гоол найман минутын дотор орлоо. 31 дэх минутанд “Улаанбаатар Сити”-гийн Кот д’Ивор довтлогч Артур Коуасси шинэ багийнхаа төлөөх анхны тоглолтондоо дебют гоолоо орууллаа. 28 настай, 188 см өндөртэй энэ залуу өмнө нь Филиппин, Хонконг, БНХАУ-ын лигүүдэд тоглож байсан байна. Түүнтэй “Сити” нэг улирлын гэрээ байгуулсан юм. Тэгвэл Кот д’Ивор легионерийн гоолоос дөрвөн минутын дараа бөмбөг таслагдаж хурдан довтолгооноос “Сити”-гийн довтлогч Ц.Түмэнжаргал гоцлон тоглолтоор багийнхаа гурав дахь гоолыг оруулсан. 2011 оноос хойш Монгол хөл бөмбөгт Супер цомын тоглолт болж байгаа. Сүүлийн долоон жил “Эрчим” клубээс өөр баг түрүүлж байгаагүй цувралыг “Улаанбаатар Сити” анхны тоглолтоороо зогсоолоо. Ц.Түмэнжаргалын гоолоос дахиад дөрвөн минутын дараа тус багийн төвийн хамгаалагч, Тринидад Тобаго хөл бөмбөгчин Сеон Пауэр онооны харьцааг 4:0 болгож холдуулсан. Өдгөө 34 настай энэ залуу Тринидад Тобагогийн шигшээ багт 45 удаа дуудагдаж, Тайландын дээд лигийн багт зургаан улирал тоглосон туршлага нэгэн. Харин тоглолтын хоёрдугаар хагаст “Эрчим”-ийн легионерууд багтаа хоёр гоол авчирсан ч зөрүүг нөхөж чадсангүй. “Эрчим” клубын халимаг хөл бөмбөгчин Доржи Сангаджиев 68 дахь минутанд дээд лигийн аваргуудын төлөөх анхны гоолоо оруулсан юм. Харин тоглолтын сүүлээр Эрчимийн Япон тоглогч Мотохиро Канеширо мөн багтаа гоол авчирч тоглолт 4:2-ийн харьцаатай дууслаа. Өнгөрсөн жил энэ хоёр багийн лигийн хүрээнд хийсэн эхний тоглолтонд “Эрчим” хожиж, удаахад нь тэнцэж байсан. Харин хамгийн сүүлд буюу холбооны цомын хагас шигшээд “Улаанбаатар Сити” хожиж байсан юм. Өөрөөр хэлбэл энэ хоёр багийн халз тулааны сүүлийн хоёр нь “Сити” дараалан хожиж байна.