ДАШТ-ИЙ АЛТАН ЦОМ УЛААНБААТАРТ ЗОЧИЛЛОО

Хөл бөмбөгийн ДАШТ-ий Алтан цом өнөөдөр өглөө 10 цагийн орчимд Улаанбаатар хотноо газардлаа. ДАШТ-ий цомын 50 гаруй оронд зочлон 126,000 км туулах аялал энэ сард өндөрлөнө. Өөрөөр хэлбэл аялалын сүүлээсээ тав дахь хот нь Улаанбаатар болж байгаа юм. ДАШТ-ий алтан цомын дөрөв дэх удаагийн энэхүү аялал өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотоос эхэлж, зургаан тивд зочлохоосоо өмнө 12-р сар хүртэл Оросын хотуудаар зорчсон юм.

ДАШТ-ий цом 18 каратын алтаар бүтээгдсэн 6.1 кг жинтэй, 36.8 см өндөр, ногоолин суурьтай. Одоогийн энэхүү цомыг 1974 оноос хойш ашиглаж байгаа. Өмнө нь ОУХБХ-г хамгийн урт хугацаанд удирдсан Жюль Римегийн нэрэмжит цомыг ДАШТ-д түрүүлсэн багууд өргөдөг байлаа. Хөл бөмбөгийнхний дунд “Алтан дагина” хэмээн алдаршсан анхны цом “Виктори” буюу “Ялалт” хэмээх нэртэй, эртний Грекийн ялалтын бурхан “Нике”-г дүрсэлсэн байсан бол энэхүү цом нь дэлхийн бөмбөрцгийг хоёр хүн алдлан өргөж буй дүрслэлтэй.

Одоогоор энэхүү цомыг Германы шигшээ баг л гурван удаа хүртээд байгаа. Баруун Германы шигшээ хоёр, ХБНГУ-ын баг хамгийн сүүлд ДАШТ-ий цомын эзэн болсон юм. Дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ баг өмнөх “Алтан дагина”-ыг гурван удаа өргөсөн бол энэхүү цомын эзнээр хоёр удаа тодорсон. Мөн Аргентин, Италийн багууд тус бүр хоёр удаа энэ цомын төлөөх тэмцэлд ялж байлаа. Гэхдээ энэ цом ДАШТ-д түрүүлсэн багт үүрд үлддэггүй. Энэхүү цом нь ОУХБХ-ны өмч бөгөөд дэлхийн аварга багууд тодорхой хугацаанд хадгалаад дараа нь дуураймал цомоор сольдог байна.

ДАШТ-ий цом Чингис Хаан нисэх онгоцны буудлаас МХБХ-ны талбайд 30 минут зочилсон. Энэ үеэр Монголын хөл бөмбөгийн үе үеийн шигшээ багийнхан цомтой хамт дурсгалын зураг татуулсан юм. Гэхдээ тус цомд хөл бөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн тамирчдаас гадна тэмцээнийг зохион байгуулагч орны төрийн тэргүүн, ОУХБХ-ны тэргүүн гээд цөөн тооны хүмүүс л хүрэх эрхтэй байдаг. Улмаар Монгол улсын ерөнхийлөгч цомыг өргөн үг хэлсэн юм.

Энэ аялал 2006 оноос эхтэй. Тухайн үед 29 орноор аялж байсан бол 2010 оны ДАШТ-ий үеэр Африк тивийн 50 орныг дамжсан нийт 84 орноор зочилсон. Харин сүүлийнх нь 2014 онд 90 орноор 267 өдрийн аялал хийж байсан юм. Анх энэ аялал эхлэхэд 175,000 хүн хамт зургаа татуулж байсан бол удаах хоёр аялалд нь тус тоо сая хол давжээ. ДАШТ-ий алтан цом ирэх лхагва гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин, дараа өдөр нь Шанхай хотуудад зочилно. Улмаар Японы Токио, Осака хотуудаар аялал өндөрлөх юм.