Хөл бөмбөг, теннисний спортын мэдээллүүд

 

“РЕАЛ МАДРИД” ДАХИАД ТЭНЦЛЭЭ

“Реал Мадрид” Испанийн лигт дахин оноо алдлаа. Тэд лигтээ хийсэн сүүлийн гурван тоглолтын хоёрт нь тэнцэж одоо тэргүүлэгч “Барселона”-гаас 15 оноо дутуу болж холдоод байна. Өөрөөр хэлбэл гуравдугаар тойргоос хойш Ла лигийг тасралтгүй тэргүүлсэн “Барселона” аваргын болзол хангахад маш ойрхон боллоо. Сантиаго Бернабэуд болсон “Реал Мадрид”, “Атлетик Билбао” багуудын 33-р тойргийн тоглолтын 14 дэх минутанд зочид хошуучилж эхэлсэн. Тэгвэл тоглолтын үндсэн цагийн төгсгөлд Криштиану Роналду 1:1 болгож тэнцүүлсэн байна. Лука Модричийн торгуулийн бүсийн гаднаас хийсэн цохилтыг Роналду чигийг нь өөрчилж хаалганд оруулсан. Ийнхүү “Реал Мадрид” энэ улирал найм дахиа тэнцлээ. Өмнө нь Билбао хотноо мөн энэ хоёр баг гоолгүй тэнцэж байсан юм.

“ВАЛЕНСИА” ДАРААЛАН ХОЖИГДЛОО

“Валенсиа”-гийн довтлогч Родриго Морено лигтээ сарын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн ч баг нь дараалан хожигдлоо. Тэд Месталья цэнгэлдэхдээ “Хетафе”-г хүлээн авч тоглосон ч Лоик Ремигийн хоёр гоол зочдод ялалт авчирчээ. Эхний хагас 1:0-ээр дууссан бол завсарлагааны дараахан Франц эр онооны харьцааг 2:0 болгосон. Тэгвэл 69 дэх минутанд сарын шилдэг Родриго тоог ойртуулсан юм. Родриго сэлгээгээр талбайд гарч найман минутын дараа лигийн 15 дахь гоолоо оруулж 2:1 болгосон ч “Валенсиа” “Реал Мадрид”-ын дээр бичигдэх боломжоо ашиглаж чадсангүй.

“АЙНТРАХТ ФРАНКФУРТ” ФИНАЛД ШАЛГАРАВ

Германы цомын тэмцээний аваргын төлөө “Байерн Мюнхен”-ий эсрэг тоглох багаар “Айнтрахт Франкфурт” тодорлоо. Тэд “Шальке 04”-ийн эсрэг хийсэн тоглолтонд 1:0-ийн харьцаатай хожсон юм. Хожлын гоол 75 дахь минутанд орсон. Португалын Бенфикагаас зээлээр тоглож байгаа 20 настай Серби довтлогч Лука Йович гоёмсог гоол оруулсан багтаа шигшээд хөтөллөө. Гэхдээ удалгүй “Айнтрахт Франкфурт”-ийнхэн нэг хүнээ алдсан. Хамгийн сонирхолтой нь үндсэн цаг дуусч шүүгчийн сунгасан гурав дахь минутанд “Шальке”-гийн довтолгоо амжилттай болж онооны харьцаа тэнцсэн юм. Гэхдээ шүүгч Франко Ди Сантог бөмбөг тогтоохдоо гар хүрсэн гэж үзсэнээр гоолыг тооцоогүй. Ийнхүү “Айнтрахт Франкфурт” хоёр жил дараалан Германы цомд шөвгөрлөө. Ирэх тавдугаар сарын 20-ны ням гарагт “Байерн Мюнхен”, “Айнтрахт Франкфурт” багуудын хооронд шигшээ тоглолт болно.

РАФАЭЛ НАДАЛ “МОНТЕ КАРЛО МАСТЕРС”-Т 11 ДЭХЭЭ ТҮРҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

Зөвхөн эрэгтэй теннисчдийн дунд явагддаг, чансааны 1000 оноо олгох, Мастерс ангиллын, задгай цэнгэлдэхэд, шавар талбайд явагддаг ээлжит тэмцээн Монте Карлод үргэлжилж байна. Дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаэл Надал хоёр дахь шатнаас тоглолтыг эхлүүлж нээлтийн тоглолтоо Словенийн теннисчин Аляж Беденегийн эсрэг хийн 6:1, 6:3-аар дараалан хожлоо. Рафаэл Надал “Монте Карло Мастерс” тэмцээнд 2005 оноос хойших 13 жилийн 10-т нь түрүүлсэн. Энэ жил 11 дэх цомоо өргөхөөр зорьж байна.

№9 НОВАК ЖОКОВИЧ ХОЁР ДАХИА ХОЖЛОО

Харин 2013 оны финалд Рафаэл Надалын хожин түрүүлж байсан, энэ тэмцээний хошой аварга Сербийн алдартан Новак Жокович чансаагаараа есд эрэмбэлэгдэн оролцож байна. Тэрбээр тэмцээний хоёр дахь тоглолтоо Хорватын теннисчин Борна Чоричийн эсрэг хийж хоёр цаг гаруй үргэлжилсэн амаргүй тулааны төгсгөлд хожиж чадлаа. 30 настай Жокович өөрөөсөө есөн насаар дүү өрсөлдөгчдөө хожигдож байгаагүй. Борна Чорич энэ тэмцээнд дөрөв дэх жилдээ оролцож анх удаа хожоод байсан ч энэ өдөр эхлээд тайбрийк, дараа нь 7:5-аар ялагдаж хасагдлаа. Одоо Жокович дараагийн тоглолтоо чансааны тавд эрэмбэлэгдсэн Австрийн теннисчин Доминик Тимтэй хийнэ.

АНХ УДАА ОРОЛЦОЖ БАЙГАА “ТИАНЖИН КУАНЖИАН” ХЭСГЭЭС ШАЛГАРАВ

БНХАУ-ын Тианжин хотын олимпийн цэнгэлдэхэд Аваргуудын лигийн И хэсгийн сүүлийн тоглолт талбайн эзэн “Тианжин Куанжиан” Японы “Кашива Рейсол” багуудын хооронд боллоо. Эхний үед Хятадын багийн ахлагч, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Жао Шүри зургаан минутын зайтай хоёр гоол дараалан оруулсан юм. Тоглолтын өмнө л Тианжиний баг хэсгээс шалгарсан бол “Кашива Рейсол” хожсон ч тэмцээнийг үргэлжлүүлэхгүй нь тодорхой байсан. Тийм ч учраас “Тианжин Куанжиан”-ы дасгалжуулагч Пауло Соуза Европ тоглогчдоо амраасан юм. Эхний үе 2:1, үндсэн цаг 3:2-оор дууссан. Хоёрдугаар хагаст багууд таван минутын зайтай гоол оруулжээ. Хятадын баг түүхэндээ анх удаа Аваргуудын лигт оролцож хэсгээс шалгарлаа. Гэхдээ одоо шөвгийн 16-д тэд Азийн хошой аварга, Хятадын лигт долоон жил дараалан түрүүлээд байгаа “Гуанжоу Эвергранд”-тай тоглохоор оноолт таараад байна.

“ЧОНБУК” ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ

Солонгосын аварга “Чонбук Хьюндай Моторс” баг сүүлийн тоглолтоо Хонконгийн “Китчи” багтай хийлээ. Талбайн эздийн хувьд хэсгийн тэргүүллээ хадгалахын төлөөх тоглолт байсан. Хоёр баг өмнө нь Хонконгд тоглоход 6:0-ээр “Чонбук” хожиж Адриано хэт-трик хийж байлаа. Харин энэ өдөр тоглолтын сүүлээр гурван гоол орж 3:0-ийн харьцаатай “Чонбук Хьюндай Моторс” тав дахь ялалтаа байгуулсан юм. Энэ тоглолтонд Хонконгийн багийн алдартан, Уругвай довтлогч Диего Форлан оролцоогүй. Одоо Азийн хошой аварга, 2016 оны цомын эзэн “Чонбук Моторс” шөвгийн 16-д Тайландын аварга Бурирам Юнайтедтай тоглоно.

“УЛЬСАН” ЗУРГААН ЖИЛИЙН ДАРАА ХЭСГЭЭС ШАЛГАРЛАА

Японы Жэй лигийн аварга “Кавасаки Фронтэйл” энэ жилийн Азийн аваргуудыг хожилгүй дуусгалаа. Тэд өнгөрсөн жил шилдэг наймд үлдэж байсан юм. Харин энэ жил сүүлийн тоглолтоо “Ульсан Хьюндай” багийн эсрэг хийж эхний хагаст 2:0-ийн харьцаатай тэргүүлсэн ч хожиж чадсангүй тоглолт тэнцээгээр дуусчээ. Харин “Ульсан Хьюндай” энэ тоглолтонд тэнцэж чадсанаар зургаан жилийн дараа Аваргуудын лигийн хэсгээс шалгарлаа. “Ульсан” клуб 2012 онд түүхэндээ анх удаа Азийн аварга болж байлаа. Харин түүнээс хойш хоёр удаа л оролцож, хэсгээс шалгарч чадаагүй юм.

“МЭЛБУРН ВИКТОРИ” ХОЖСОН Ч ШАЛГАРСАНГҮЙ

Хятадын лигийн дэд байрын эзэн “Шанхай Шанганг” хэсгээ тэргүүлэх нь тодорхой болоод байлаа. Харин тэдний эсрэг сүүлийн тоглолтоо хийсэн Австралийн “Мэлбурн Виктори” энэ тоглолтонд заавал хожих, дээрээс нь “Ульсан Хьюндай” энэ тойрогт хожигдох шаардлагатай байсан. “Мэлбурн Виктори” Аваргуудын лигт зургаа дахь удаагаа оролцож байгаа ч өмнө нь нэг л удаа хэсгээс шалгарч байсан юм. Энэ өдөр тэд өөрсдийн даалгавараа сайн биелүүлж 2:1-ийн харьцаатай хожсон боловч хэсгийн нөгөө тоглолтонд “Ульсан Хьюндай” мөн хожсоноор Австралийн баг дараагийн шатанд шалгарч чадсангүй.