Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн мэдээллүүд

АЗИЙН ЦОМ: БНХАУ 1:3 ЯПОН

Азийн эмэгтэй хөл бөмбөгчдийн аварга шалгаруулах цомын тэмцээний хагас шигшээд таарсан Азийн хамгийн олон удаагийн аварга БНХАУ-ын баг цомын хамгаалагч Японы багт 3:1-ийн харьцаатай хожигдол хүлээж тэмцээнээс хасагдлаа. Энэ тэмцээн 2010 оноос хойш дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа. Хятадын эмэгтэй баг 1975 оноос хойш 10 удаа шөвгөрч найм түрүүлсэн. Ялангуяа 1986-1999 он хүртэл долоон удаа дараалан түрүүлж байсан юм. Харин энэ жил түүхэндээ 13 дахь удаагаа хагас шигшээд шалгарсан тэд 11 дэхээ шигшээд шалгарч чадсангүй, дөрөв дэхээ хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. Тэгвэл мөн түүхэндээ 13 дахь удаагаа хагас шигшээд үлдсэн Японы баг зургаа дахиа финалд шалгарлаа. Тэд 2014 онд анх удаа түрүүлж байлаа. Харин энэ жил цомоо хамгаалсан дөрөв дэх баг болохын тулд Австралийн багийг хожих хэрэгтэй боллоо.

“БАЙЕРН МЮНХЕН” ГЕРМАНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭНД ШӨВГӨРЛӨӨ

Германы хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээд Байерн Мюнхен клуб Байер Леверкузныг талбайд нь 6:2-оор хожлоо. Энэ тоглолтонд Роберт Левандовски эхний хоёр гоолыг оруулсан бол Томаш Мюллер хэт-трик хийлээ. Энэ хоёр баг Бундеслигийн хүрээнд хоёр удаа тоглоход аль алинд нь 3:1-ээр Байерн Мюнхен ялж байлаа. Байерн Мюнхен энэ жил Германы цомын тэмцээнд 19 дэх удаагаа түрүүлэхээр зорьж байгаа. Тэд өнгөрсөн жил хагас шигшээд Боруссиа Дортмундад ялагдсан юм. Одоо харин аваргын төлөө Шальке 04 болон Айнтрахт Франкфурт багуудын ялагчтай тоглох юм.

ЕВРОЛИГ: ПЛЭЙ ОФФ ЭХЭЛЛЭЭ

ЕВРОЛИГ: (1) ЦСКА 98:95 ХИМКИ (0)

Сагсан бөмбөгийн Евролигийн энэ улирлын шилдэг найман багийн дундах плэй оффын тоглолтууд эхэлж, ЦСКА Москва, Химки Москва багууд эхний тоглолтоо хийлээ. Энэ хоёр баг улирлын тоглолтонд хоёр удаа таарахад аль алинд нь ЦСКА хожиж байсан. ЦСКА улирлын 30 тоглолтоос 24 хожилтой тэргүүлсэн бол Химки Москва 16 хожилтой наймдугаар байраар плэй оффд үлдсэн билээ. Гэхдээ энэ өдөр тоглолт маш сонирхолтой өрнөж эхний гурван үеийн турш Химки тэргүүлсэн ч шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг тааруухан эхлүүлснээр ЦСКА хожжээ. ЦСКА-гаас зургаан тоглогч хоёр оронтой оноонд хүрч, тэр дундаа Сержио Родригез 22 оноо аван, замналынхаа плэй офф дахь хамгийн өндөр үзүүлэлтээ гаргажээ. Тэрээр гурваас найм шидсэний тав нь орсон юм. Харин Химкигээс Алексей Швед 22 оноогоор тэргүүлсэн ч баг нь 98:95-ийн харьцаатай хожигдол хүлээсэн юм.

ЕВРОЛИГ: ХАМГИЙН ОЛОН УДААГИЙН АВАРГУУД 28 ОНООНЫ ЗӨРҮҮТЭЙ ХОЖИГДОВ

ЕВРОЛИГ: (1) ПАНАТИНАЙКОС 95:67 РЕАЛ МАДРИД (0)

Харин Европын хамгийн олон удаагийн аварга Реал Мадрид Грекийн Афин хотноо зочилж Панатинайкосын эсрэг плэй оффын эхний тоглолтоо хийлээ. Өмнө нь Афин хотноо болсон энэ хоёр багийн улирлын тоглолтонд Панатинайкос хоёр онооны зөрүүтэй хожиж байсан юм. Харин энэ өдөр эхний хагас 16 онооны зөрүүтэй талбайн эздийн хошуучлалаар өндөрлөсөн бол үндсэн цагт бараг гучин онооны зөрүүтэй Панатинайкос хожжээ. Гуравдугаар үе 77:44-өөр дууссан. Тоглолтын сүүлийн үеийн эхэнд гэхэд 35 онооны зөрүүтэй Панатинайкос тэргүүлж байсан юм. Улмаар 95:67-ийн харьцаатай хожиж плэй оффын цувралыг ялалтаар эхлүүллээ. Грекийн багаас Ник Калатес 16 ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн бол Майк Жэймс 24 оноо авчээ. Панатинайкос плэй офф шатанд сүүлийн долоо, тэр дундаа талбайдаа дөрвөн тоглолт дараалан хожигдоод байсан цувралыг энэ ялалт зогсооолоо.

АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГИЙН ХЭСГИЙН СҮҮЛИЙН ТОГЛОЛТУУД ЯВАГДАЖ БАЙНА

Азийн хошой аварга Хятадын Гуанжоу Эвергранд клуб Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтоо Японы Серезо Осака багтай хийлээ. Японы цомын тэмцээний аваргууд энэ тоглолтонд хожвол хэсгээс шалгарах байсан юм. Гэвч тоглолт 3:1-ийн харьцаатай дууссанаар Гуанжоу Эвергранд хэсгээ тэргүүлж, харин Серезо Осака хоосон хоцорлоо. Тоглолт 1:1-ийн харьцаатай завсарласан ч хоёрдугаар хагаст Хятадын багийн Бразил хөл бөмбөгчин Алан хоёр гоол оруулснаар багтаа ялалт авчирсан юм. Алан ийнхүү хэсгийн зургаан тоглолтонд дөрвөн гоол орууллаа. Тэдний багаас Рикардо Гуларт таван гоолтой байгаа.

“БУРИРАМ ЮНАЙТЕД” СҮҮЛИЙН БОЛОМЖОО АШИГЛАЖ ШАЛГАРЛАА

“Жи” хэсгийн нөгөө тоглолт Өмнөд Солонгосын Чежү Юнайтед, Тайландын Бурирам Юнайтед багуудын хооронд болсон. Талбайн эзэн Чежү Юнайтедийн хувьд Аваргуудын лигийг үргэлжлүүлж чадахгүй нь хэдийн тодорхой болоод байлаа. Харин Бурирам Юнайтед багийнхан заавал хожих ёстой тоглолт байсан. Тэд ч хүссэндээ хүрч 1:0-ийн харьцаатай ялалт байгуулснаар хэсгээс шалгарч чадсан юм. Тоглолтын хоёрдугаар хагаст хожлын ганц гоол оржээ.

Азийн аваргуудын лигийн “Жи” хэсгийг Гуанжоу Эвергранд хожигдолгүй гурван хожил, гурван тэнцээний 12 оноотой тэргүүлж, сүүлийн тоглолтонд мөн гурав дахь ялалтаа байгуулсан Бурирам Юнайтед есөн оноотой хоёрдугаар байраар шалгарлаа. Серезо Осака сүүлийн боломжоо ашиглаж чадсангүй.

САУДЫН АРАБЫН “АЛЬ АХЛИ” ИТГЭЛ ТӨГС ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЭВ

АНЭУ-ын Абу Даби хотноо Аль Жазирагийн эсрэг Саудын Арабын Аль Ахли багийг хүлээн авч хэсгийн тэргүүллийн төлөө тоглолоо. Ногоон өмсгөлтэй зочид хэсгийн өмнөх тоглолтуудад хожигдоогүй энэ өдөр ч түүнийгээ үргэлжлүүлсэн. Хоёр баг хамгийн сүүлд тоглоход 2:1-ээр Аль Ахли хожиж байлаа. Тэгвэл энэ өдөр ч мөн тоглолт 2:1-ийн харьцаатай дууссанаар зургаан онооны зөрүүтэй итгэл төгс хэсгээ тэргүүллээ.

 “Эй” хэсэгт Аль Ахли дөрөв хожиж, хоёр тэнцсэн 14 оноотой хэсгээ тэргүүлэн шөвгийн 16-д үлдсэн бол Аль Жазира, Аль Харафа багууд ижил найман оноотой ч хоорондын тоглолтоор Эмиратын баг дээр нь эрэмбэлэгдэн тэмцээнийг үргэлжлүүлж байна. Аль Харафа, Аль Жазира багуудын халз тоглолтонд хоёр удаа Эмиратын баг 3:2-ийн харьцаатай хожсон юм. Одоо Аль Ахли Катарын Аль Садд багтай, Аль Жазира Ираны аварга Персеполистой дараагийн шатанд тоглоно.

КАТАРЫН АВАРГУУД ХЭСГИЙН БҮХ ТОГЛОЛТОНДОО ХОЖЛОО

Катарын Аль Духайль хэсгийн бүх тоглолтондоо хожиж 100%-ийн амжилттай Аваргуудын лигийг үргэлжлүүлж байна. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Доха хотноо Эмиратын Аль Вахда багийн эсрэг хийж 1:0-ийн харьцаатай буулгаж авсан юм. Эхний үед Эмиратын баг нэг хүн дутуу болсон. Морокко довтлогч Юсеф Эл Арабиг унагасан юм. Хэдийгээр эхний хагаст гоол ороогүй ч завсарлагааны дараахан хожлын гоол зочдын хаалганд оржээ. Хэдийгээр тоглолтын сүүлээр талбайн эзэд мөн нэг хүнээ алдсан ч ахиж гоол ороогүй юм.

ИРАНЫ “ЗОБ АХАН” ШИЙДВЭРЛЭХ ТОГЛОЛТОНД ТЭНЦЭЖ ЭРХЭЭ ХАДГАЛАВ

“Би” хэсгийн сүүлийн тойргийн нөгөө тоглолт аль баг хоёрдугаар байраар шалгарах вэ гэдгийг шийдсэн юм. Узбекистаны Ташкент хотноо ижил зургаан оноотой байсан Локомотив, Зоб Ахан багууд тоглосон. Хоёр баг өмнө нь Иранд тоглоход 2:0-ээр Зоб Ахан ялаад байлаа. Тэгвэл энэ өдөр ч мөн тэд эхлээд гоол оруулсан юм. Харин заавал хожих ёстой байсан Локомотивийнхэн тоглолтын төгсгөлд онооны харьцааг тэнцүүлсэн ч хэтэрхий хожимдсон байлаа. Ийнхүү тоглолт 1:1-ээр дуусч хоорондын тоглолтын дүнгээр Ираны Зоб Ахан дээр нь эрэмбэлэгдэн Аваргуудын лигийг үргэлжлүүлэх эрхээ авлаа.

“Би” хэсгийг Катарын лигийн аварга Аль Духайль зургаан хожлын 18 оноотой тэргүүлж, Ираны Зоб Ахан хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгарлаа. Аль Духайль дөрөв дэх жилдээ дараалан хэсгээс шалгарч одоо хасагдах шатанд Эмиратын Аль Аин багтай таарлаа. Харин Зоб Ахан Ираны Эстеглалтай тоглоно.