ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН НААДАМ УЛААНБААТАР ХОТОД БОЛНО

Ирэх сарын сүүлээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын наадмыг анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон тухай БТСГ, Монголын Паралимпийн хороо, БНХАУ-ын компанийн төлөөлөл мэдээлэл өглөө. Тус наадам Монгол-БНХАУ-ын найрамдалт хамтын ажиллагааны 70 жилийн ойг тохиолдуулан “Нэг бүс-Нэг зам” төслийн хүрээнд БНХАУ-ын компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах юм.

ДИФЛИМП, ПАРАЛИМП, ТУСГАЙ ОЛИМПИЙН НАЙМАН ТӨРЛӨӨР 493 ХҮҮХЭД ӨРСӨЛДӨНӨ

Наадам сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн дифлимп, гар, хөл, нуруу нугас болон харааны бэрхшээлтэй хүүхдийн паралимп, оюуны бэрхшээлтэй хүүхдийн тусгай олимпийн төрлүүдээр явагдана. Тодруулбал нийт 500 шахам тамирчин спортын найман төрөлд 238 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин зохион байгуулалтанд 81 шүүгч, 83 дасгалжуулагч, найман эмч болон сайн дурын ажилтнууд оролцох юм байна. Энэхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн наадам нь таван жилийн дараах тусгай олимп, 2024 оны Парисын паралимпийн наадам болон 2025 оны Дифлимпийн наадамд оролцох баг тамирчдыг бэлтгэх эхний алхам гэж онцолж байлаа.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР БАРИГДАНА

Монгол улсын засгийн газрын 2020 оныг хүртэл үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий цогцолборыг барих ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирэх жилийн дотор гүйцэтгэхээр тусгагдан ажиллаж байгаа хэмээн Монголын Паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү хэлсэн юм.