МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГ 200 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ БОЛЖЭЭ

МХБХ ТАВАН ЖИЛИЙН ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН БАЙНА

Монголын хөл бөмбөгийн дээд лигийн шинэ улирал ирэх долоо хоногийн бямба гарагт эхлэх гэж байна. Энэ удаад дээд лигийн ивээн тэтгэгч өөрчлөгдсөнөөр шагналын сан хоёр дахин өсчээ. Тодруубал МХБХ холбоо 2022 он хүртэл таван жилийн хугацаатай нэг тэрбум төгрөгний ивээн тэтгэлэгийн гэрээ байгуулснаар дээд лигийн нэг улирал багуудад олгох шагналын сан 200 сая төгрөг болсон байна. Гэхдээ шагналыг хэрхэн хуваарилах нь одоогоор хараахан тодорхойгүй байгаа юм.

ТАСАЛБАРААС 100, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС 10 ТӨГРӨГИЙГ “МАЗААЛАЙ ХАМГААЛАХ САН”-Д ХАНДИВЛАНА

Мөн үндэсний дээд лигийн үзэгчдийн тасалбар бүрээс 100 төгрөг, ивээн тэтгэгч компанийн бүтээгдэхүүний ширхэг бүрээс 10 төгрөгийг “Мазаалай хамгаалах сан”-д хандивлахаар тохиролцсон байна. Харин “Мазаалай хамгаалах сан”-гийн зүгээс тус дэмжлэгийг баавгайд ус, тэжээл хүргэх ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Монголын хөл бөмбөгийн дээд лигийн шагналын сан 2015 онд 100 сая болж өсч байлаа. Тухайн үед МХБХ дөрвөн жилийн 500 сая төгрөгийн гэрээ байгуулж байсан юм. Улмаар өнгөрсөн жил гэхэд шагналын сан 120 сая төгрөг болж өсөн түрүүлсэн баг 50, дэд байрын эзэд 30, гуравдугаар байрын баг 20 сая төгрөг хүртэж байлаа. Энэ жилийн лигт цомыг хамгаалагч “Эрчим”, мөнгөн медальт “Улаанбаатар сити”, хүрэл медальт “Атлетик 220” болон нэгдүгээр лигээс дэвшсэн “Арвис”, “Жипро” зэрэг 10 баг таван сарын турш өрсөлдөнө.