2018 оноос хамгаалах бүс хэрэглэх дадал бий болгох төсөл хэрэгжүүлнэ

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын хамгаалалтын бүсний хэрэглээ 90 гаруй хувь болтлоо өсчээ. Харамсалтай нь ард суугаа зорчигчдын бүсний хэрэглээ 20 хүрэхгүй хувьтай байна. Зам тээврийн ослын үед хамгаалах бүсээ зүүсэн хүн бүс зүүгээгүй хүнээс доод тал нь 2 дахин, түүнээс илүү хэмжээгээр амьд, эрүүл үлдэх боломжтой. Тиймээс 2018 оноос хамгаалалтын бүс болон хамгаалалтын малгайны хэрэглээг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх гэж байна. Төслийн хүрээнд 10-29 насныханд хамгаалах бүс зүүлгэх зөв дадлыг хэвшүүлэх зорилготой. Учир нь жолооч нарын 90 хувь нь, урд суугаа зорчигчийн 70-80 хувь нь, ард суугаа зорчигчийн 20 хувь нь хамгаалалтын бүсээ зүүдэг. Харамсалтай нь хамгаалалтын бүсний хэрэглээ хойно суугаа зорчигчоос гадна орон нутагт хангалтгүй дүнтэй байгаа юм. Тодруулбал бага насны хүүхдээ өвөр дээрээ авч суух, эсвэл арын сандалд суугаа хүүхдээ зориулалтын бус байдлаар тээвэрлэж байгаа тохиолдол хүүхэдтэй холбоотой зам тээврийн ослын 30-40 хувьд нь тохиолджээ.

Хэрэв суудлын бүсээ зүүгээгүй бол зам тээврийн ослын 0,092 секундээс жолооч болон түүний хажууд яваа зорчигч нэгэн зэрэг автомашины урд салхины шилийг мөргөж тархинд үхлийн гэмтэл авна. Харин 0,113 секундээс жолочийн арын суудалд сууж байгаа зорчигч хэрэв аюулгүйн бүсээ зүүгээгүй тохиолдолд жолоочийн нэгэн адил нэг чиглэлд цохилтын нөлөөлөл үзүүлж, үхлийн гэмтэл авдаг талаар ОХУ-ын замын хөдөлгөөний дүрэмд тусгасан байдаг аж. Тиймээс суудлын бүс зүүснээр ноцтой ослын эрсдэлийг 50 хувиар бууруулдаг бөгөөд бага балчир наснаасаа зөв дадалтай болсноор төслийн үр дүн 10 орчим жилийн дараа гарах боломжтой. Төслийг НЭМГ болон ОУ-ын байгууллага хамтран 2018 оны 1-р сараас эхлэн хэрэгжүүлнэ.