Сагсан бөмбөг, холимог тулаан, нийтийн биеийн тамир, хөл бөмбөгийн дотоод гадаад мэдээлэл

ОУСБХ-НЫ 3Х3 ТӨРЛИЙН “КУЯН ЧЭЛЛЕНЖЕР” ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГУУД ЗУРГАА, ЕСДҮГЭЭР БАЙРТ ОРЛОО

ОУ-ын сагсан бөмбөгийн холбооны гурвын эсрэг гурав төрлийн шинэ улирлын мэргэжлийн анхны гран при тэмцээн БНСУ-д энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж Монголоос “Улаанбаатар”, “Ховд” багууд оролцлоо.

“Ховд” баг урьдчилсан хэсгийн эхний тоглолтондоо Японы “Токио” багийг хожиж тэмцээнээ амжилттай эхлүүлэн хоёр дахь тоглолтондоо ОХУ-н Москва хотын багийг буулгаж авснаар шилдэг 12-т багтсан юм. Улмаар үндсэн хэсэгт Канадын “Саскатоон”, Сербийн “Белград” багуудтай нэг хэсэгт багтсан юм. Ингээд “Ховд” баг үндсэн тэмцээнд эхний тоглолтондоо дэлхийн чансааны 8-т эрэмбэлэгдэж байсан Сербийн “Белград” багийг нэг онооны зөрүүтэй буулгаж авсан ч удаах тоглолтондоо Канадын багт хожигдсноор хэсгээсээ гарч чадалгүй тэмцээний 9-р байраар өндөрлүүлсэн юм.

Харин дэлхийн чансаанд 12-т эрэмбэлэгдэж буй “Улаанбаатар Хангарьд” баг тэмцээний эхний тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч БНСУ-ын “Сонгпа” багийн эсрэг хийж хожсон ч дараагийн тоглолтондоо дэлхийн аваргийн мөнгөн медальт Нидерландын “Амстердам” багт хожигдсоноор хэсгээсээ 2-р байраар хасагдах шатанд гарсан юм. Улмаар хасагдах шатанд АНУ-ын багтай тоглож дахин хожигдсноор тэмцээнийг зургаадугаар байраар өндөрлүүллээ.

Монголын багууд энэ сарын 21-22-ны хооронд БНХАУ-ын Наньжин хотноо гранпри тэмцээнд оролцоно.

ХОЛИМОГ ТУЛААНЫ ЧАНСАА АХИУЛАХ ТЭМЦЭЭНД 14 ТУЛААНЧ ДОЛООН ЖИНД ХАЛЗ ӨРСӨЛДӨНӨ

Монголын холимог тулааны спортын чансаа ахиулах “Эм Жи Эл-1 Файт Найт 2” тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал Монголын 14 тулаанч долоон жинд халз өрсөлдөх юм. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний оргил тулааныг 77 кг-ийн жинд “Уон Эф Си”-гийн дэлхийн аварга, МУГТ Ж.Нарантунгалагийн багаас Б.Энх-Оргил, ТТХГ-ын тамирчин Э.Даваабаяр нарын хооронд нэрлэж байгаа. Б.Энх-Оргил өнгөрсөн жилийн “Эм Жи Эл-1 Эф Си”-гийн аваргын төлөө тунаж байсан юм.

Мөн тэмцээний хамгийн хөнгөн жин болох 52 кг-д №1-д эрэмбэлэгдэх халз тулаан “Хөх Чоно” клубын тамирчин Ц.Батнасан, “Ширэн бээлий” клубын тамирчин А.Аюуш нарын хооронд болох юм.

66 кг-ийн жинд тулалдах “тогооч” хочит Ц.Баяржаргал мөн энэхүү аварга шалгаруулах тэмцээний онцлох тулаануудын нэгийг хийх болно. Тэрээр өмнө нь хоёр удаа БНХАУ-д холимог тулааны рингэнд гарч байсан туршлагатай Ж.Ариунбаярын эсрэг тулалдах юм.

2009 оноос эхтэй “Эм Жи Эл-1” тулааны аварга шалгаруулах тэмцээн 12 дахь удаагаа болох гэж байгаа нь энэ. Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо холимог тулаан, мэргэжлийн кик боксын тулаанаар одоогийн байдлаар Монголын 20 аваргыг тодруулаад байна. Энэ удаагийн тэмцээн ирэх 19-ны пүрэв гарагт Спортын төв ордонд явагдах юм.

2006 ОНЫ ДАШТ-Д 16 ШАР, ДӨРВӨН УЛААН ӨРГӨСӨН ВАЛЕНТИН ИВАНОВ МОНГОЛД ИРЖЭЭ

ОХУ-ын хөл бөмбөгийн хамгийн туршлагатай шүүгчдийн нэг Валентин Иванов Монгол улсад ирээд байна. Тэрбээр ОУХБХ-ны талбайн шүүгчийн сургалтыг явуулахаар манай оронд хөл тавьжээ.

ОУХБХ-НЫ МЭРГЭЖИЛТЭН ВАЛЕНТИН ИВАНОВ:

“Ер нь хүмүүс ямар нэгэн зүйлд шилдэг байхыг хүсдэг шүү дээ. Эхлээд хөл бөмбөгчин болж дараа нь мэргэжлийн хөл бөмбөгчин болон сайжрах гээд жилээс жилд хөгжих хэрэгтэй. Гэхдээ зөвхөн хөл бөмбөгчид бус шүүгчид ч гэсэн. Ер нь аль нэг нь өндөр хөгжих боломжгүй. Хамтдаа л хөгжинө. Танай орны хувьд миний харьж байгаагаар шүүгчид их залуу байна. Тэд суралцахыг хүсч байна. Хөгжихийг хүсч байна.”

Өдгөө 56 настай энэ эрхэм 1997-2006 оны хүртэл шүүгчээр ажилласан юм. 36 настайдаа шүүгчийн замналаа эхлүүлж, 1994 оны ДАШТ-д хажуугийн шүүгчээр ажиллаж байжээ. Харин түүний замналын хамгийн сүүлийн том тэмцээн нь 2006 оны хөл бөмбөгийн ДАШТ байлаа. Тэрээр хоёр дахь шатанд Португал, Недерландын багуудын тоглолтыг шүүхдээ нэг тоглолтонд 16 шар хуудас, дөрвөн улаан хуудас өргөснөөрөө алдартай.

ОУХБХ-НЫ МЭРГЭЖИЛТЭН ВАЛЕНТИН ИВАНОВ:

“Тэр их олон жилийн өмнө болсон явдал. Ер нь үзсэн хүмүүс юу болсныг харсан шүү дээ. Тоглолт бүр адилгүй. Зарим нь их хэцүү байдаг. Тэр бол их хэцүү тоглолт болсон. Тэгээд л миний хийсэн зүйл тэр. Тэр явдлын тухай хүн бүр л өөрийн бодолтой байдаг.”

Мөн тэрбээр Камеруны алдарт хөл бөмбөгчин Марк-Вивьен Фое амиа алдсан 2003 оны Холбоодын цомын тэмцээний шигшээ тоглолтыг шүүж байлаа. Хагас шигшээ тоглолтонд багийн гишүүнээ алдсан Камеруны шигшээ гурван хоногийн дараа Францын багийн эсрэг аваргын төлөөх тоглолтыг хийж байлаа.

Тэрээр замналдаа ДАШТ, ЕАШТ, Европын Аваргуудын лиг, Оросын Премьер лиг гээд 244 тоглолтонд ажиллахдаа 933 шар, тавь гаруй улаан хуудас өргөж, 88 удаа торгуулийн цохилт заажээ. Тодруулбал Валентин Иванов ДАШТ, ЕАШТ-үүдэд тус бүр гурав, Аваргуудын лигт 26, УЕФА Капд найман тоглолт шүүжээ.

Тэрбээр ирэх 20-ныг хүртэл Монголын шүүгчдэд сургалт явуулах юм.

БИЕИЙН ТАМИР, СПОРТОД АНХ УДАА ҮЗЛЭГ ТООЛЛОГО ХИЙЖЭЭ

БСШУСЯ, БТСГ, Үндэсний стастистикийн хороо хамтран 2017 оны 11-р сараас эхлэн өнгөрөгч хоёрдугаар сар хүртэл аймаг, нийслэл, дүүрэгт тооллогын 30 түр товчоо байгуулан, 548 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж спортын салбарт тооллого явуулжээ.

Тус анхдугаар үзлэг, тооллого нь ирэдийн биеийн тамир, спортоор хичээллэх заал талбайн хүртээмж, ашиглалт, барилга байгууламжийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, цол зэрэгтэй тамирчин, шүүгч, дасгалжуулагчдын мэдээллийг гаргаж тухайн спортын төрлийн хөгжлийг тодорхойлж, статистик харьцуулалт хийх зэрэгт чиглэгдсэн байна.

НИЙТ СПОРТ ЗААЛНЫ 27.6% НЬ НИЙСЛЭЛТ, 72.4% НЬ ОРОН НУТАГТ БАЙДАГ

Монгол улсын хэмжээнд нийт 985 спорт танхим тоологдсоноос 28% нь нийслэлд, 72% нь орон нутаг байлаа. Тэр дундаа хамгийн олон заалтай буюу спортын танхимын хэмжээгээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Хөвсгөл аймаг дараа нь эрэмбэлэгдсэн бол Говь-Сүмбэр аймагт тэднээс дөрөв дахин, Сүхбаатар аймагт 2.5 дахин бага талбайг спортын танхимын зориулалтаар ашиглаж байна.

Энд дарж биеийн тамир, спортын улсын үзлэг тооллогын нэгдсэн тайланг үзнэ үү 

ЗЛАТАН ИБРАХИМОВИЧ БАГТАА ДАХИН ЯЛАЛТ АВЧИРЛАА

Америкийн хөл бөмбөгийн Мэйжор лигийн шинэ улирал эхлээд удаагүй байгаа энэ үед Бастиан Швайнштайгерийн тоглож байгаа “Чикаго Файр” клуб талбайдаа Златан Ибрахимович, Эшли Коул, Жиованни Дос Сантос нарын алдартнуудтай “Лос Анжелес Галакси” багийг хүлээн авч тогложээ. Америкийн лигт хийсэн дебют тоглолтондоо л хоёр гоол оруулж багтаа ялалт авчирч байсан 36 настай Швед эр Мэйжор лигийн таван удаагийн аваргуудын төлөө гурав дахь тоглолтондоо гарч гурав дахь гоолоо оруулсан нь мөн багтаа ялалт авчирсан байна. Тоглолтын эхэнд “Лос Анжелес Галакси”-гийн тоглогч Ола Камара хоёр ч удаа талбайн эздийн хаалганд гоол оруулсан ч отон тоглолтын улмаас тооцоогүй. Харин эхний хагасын цаг дуусч завсарлагааны өмнөхөн Эшли Коулын хөндлөн дамжуулалтаас Златан Ибрахимович мөргөж энэ тоглолтын цорын ганц хожлын гоолыг оруулсан юм. Ийнхүү “Лос Анжелес Галакси” зургаан тоглолтоос гурав дахиа хожсон бол “Чикаго” гурав дахь хожигдлоо хүлээлээ. Тэд Дорнодын аравт, харин “Галакси” өрнөдийн хоёрт эрэмбэлэгдэж байна.

“ПОРТО” ЛИГЭЭ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Португалын хөл бөмбөгийн лигийг “Порто” тэргүүлж эхэллээ. Тэд “Бенфика”-гийн талбайд хийсэн маш чухал тоглолтонд 1:0-ийн харьцаатай хожсон байна. Тоглолтын өмнө “Бенфика” 74 оноотой хүснэгтийг тэргүүлж, “Порто” тэднээс нэг оноо дутуу ард нь эрэмбэлэгдэж байлаа. Португалын лигийн 27 удаагийн аварга “Порто” хамгийн сүүлд 2013 онд түрүүлж байсан бол 36 удаагийн аварга “Бенфика” сүүлийн дөрвөн жил дараалан лигийн хүснэгтэнд ноёлж байгаа. Энэ тоглолтын үндсэн цагийн төгсгөлд “Порто”-гийн хагас хамгаалагч Хектор Херрера гайхалтай цохилтоор хожлын ганц гоолыг оруулжээ. Ийнхүү “Порто” хоёр онооны зөрүүтэй хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Португалын лиг өндөрлөхөд дөрвөн тойрог дутуу байна.

РУРЫН ДЭРБИД “ШАЛЬКЕ 04” ХОЖЛОО

Бундеслигийн 30-р тойрогт болсон Рурын дэрби тоглолтонд “Шальке 04” заналт өрсөлдөгчөө буулган авлаа. Евгений Коноплянка, Налдо нарын гоолоор тэд 2:0-ийн харьцаатай хожсон юм. Тоглолтын өмнө “Шальке” 52, “Боруссиа Дортмунд” 51 оноотой байлаа. Ингэснээр “Шальке” лигийн аваргын болзлыг хангасан “Байерн Мюнхен”-ээс 20 оноо дутуу, арын багуудаасаа дөрвөн оноо илүү хоёрт эрэмбэлэгдэж байна.