Утааны эсрэг нэгдсэн ээж, аавууд 11-р сарын 10-нд дахин жагсана

Гурван удаа жагсаал, цуглаан акц зохион байгуулж, утааны эсрэг нэгдсэн ээж, аавууд дахин жагсахаар боллоо. Энэ удаад НЗДТГ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар болон Хүний эрхийн үндэсний комисст тус тус хандаж, гарын үсгээр хязгаарлагдсан үр дүнгүй ажлуудын хариуцлагыг нэхэх гэж байна. Тухайлбал гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил, “Ногоон зээлийн сан” болон “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт тодорхойгүй, үр дүнгүй байна гэж ээж аавуудын төлөөлөл үзэж байна. Учир нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын 90 гаруй хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлж, орон сууц бариулж агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Гэвч энэ онд 5000 айлыг дэд бүтцэд холбосон байх ёстой ч төслийн хугацаанд зөвхөн газар чөлөөлөлтийн ажлаас өөрөөр урагшлаагүй. Мөн орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн ч утааны улирал эхлэхээс өмнө амлалтаа биелүүлж чадаагүй л байна.

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний хүрээнд гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээний тарифыг тэглэсэн. Айл өрх улмаар шалны халаагуур, хоёр тарифт тоолуур, цахилгаан халаагуур авах бөгөөд одоогоор иргэдийн гарт байгаа бэлэн мөнгө хангалтгүй учраас “Ногоон зээлийн сан”-аас зээл авах боломжийг төрөөс олгосон. Гэвч өнөөдрийг хүртэл ногоон зээлийн сан болон хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй. Нөгөөтэйгүүр жилийн 17-19 хувийн хүүтэйгээр зээл олгохоор байгаа нь зорилтот бүлэгт ахдаад байгаа юм.

Утааны эсрэг нэгдсэн аав ээжүүдийн жагсаалын үр дүнд засгийн газрын тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2017 оны 3-р сарын 20-нд баталсан. Одоогоор хөтөлбөр батлагдсанаас хойш 7 сарын дараах байдлаар төрөөс баталсан хөтөлбөр ямар үр дүнд хүрсэн, хөтөлбөрийн хэрэгжилт тодорхойгүй байгаа учраас Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхэд өгөх нөхцөл бүрджээ. Тиймээс эдгээр асуудлууд одоог хүртэл цаасан дээр буусан гарын үсгээр хязгаарлагдаж байгаа учраас “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын эхний сануулга жагсаал 11-р сарын 10-нд НЗДТГ-ын гадна талбайд, дараа нь 11-р сарын 17-нд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, эцэст нь 11-р сарын 27-нд ХЭҮК-ын гадна талбайд болох юм байна.