“Voice of Mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн хатуу самруудыг онцолж байна

Юуны өмнө шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийг хүчирхэг гэх тодотголд хүргэж буй хэд хэдэн шалтгаанаас цухас дурдъя. Түүний багийн 16 оролцогчоос 7 оролцогч нь шоуны гол шалгуур “Blind audition”-ий шатанд 4 шүүгчид таалагдаж тэднийг эргүүлж чадсан бөгөөд энэ нь бусад багтай харьцуулахад хамгийн их үзүүлэлт юм. Үүгээр зогсохгүй түүнд мэргэжлийн, туршлагатай оролцогчид ч цөөнгүй байсан юм. Тэгвэл гялалзсан эрч хүчтэй галзуу охидоороо гангарч буй түүний багийн халз тулааны шатны дугааруудыг эргэн нэг харцгаая.

Халз тулааны эхний дугаарт:

Я.Баяржаргал Л.Насанбуян “Анхны хайр”

 “Voice of Mongolia” шоу мэргэжлийн болон мэргэжлийн бус хэн бүхэнд нээлттэй гэдгээрээ онцлогтой. Тэгвэл мэргэжлийн гэх тодотголтой Улсын филармоны гоцлол дуучин Л.Насанбуян, “Anemone” хамтлагийн дуучин Я.Баяржаргал нарыг өрсөлдүүлсэн нь Д.Болд шүүгчийн сонирхолтой шийдвэр байсан юм. Тэдний нэгийг ийм эрт шоунаас явуулахыг үзэгчид хүсээгүй нь үзүүлбэрийн дараанаас л илт мэдрэгдсэн. Гэвч нэг нь ялж нэг нь ялагддагын журмаар Л.Насанбуян шоугаа цааш үргэлжлүүлэхээр болсон юм. https://www.youtube.com/watch?v=p3X8oAI8-A0

Я.Баярчимэг Б.Сайнбилэг “Hello”

“Blind audition”-ий шатанд Д.Болд шүүгчид жинхэнэ эмэгтэй рок хоолойтой хэмээн магтуулсан Я.Баярчимэгийг өвөрмөц содон хоолойтой Б.Сайнбилэгтэй нэг баг болгож алдарт дуучин Adele-ийн бүх цаг үеийн түүхэнд “Youtube”-н хамгийн богино хугацаанд нэг тэрбум хандалтыг авсан дуу болох “Hello” дууг сонгон дуулуулсан нь маш хүнд сорилт байсан юм. Тэднийг даалгавраа хэрхэн амжилттай давж, хэрхэн хоорондоо хоршсоныг та бүхэн санаж байгаа биз ээ.

https://www.youtube.com/watch?v=fiXMvrvGeXM

 

Халз тулааны 2-дох дугаарт:

Ж.Ариунжаргал С.Идэрмаа “Shout out to my ex”

Д.Болд шүүгчийн багийн үзэсгэлэнт бүсгүйчүүд болох Ж.Ариунжаргал, С.Идэрмаа нар бидэнд бүсгүйчүүдийн гайхалтай донж хэв маяг, нүд баясам тоглолтыг үзүүлсэн. “Shout out to my ex” дуу тэдэнд зориулагдаж зохиогдсон мэт байлаа. Халз тулааны дүрмийн дагуу С.Идэрмаа шоуг орхисон ч түүнийг Монголын ард түмэн дахин тайзнаа харна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье С.Идэрмаа. Харин хүчтэй өрсөлдөгчөө ялсан Ж.Ариунжаргал биднийг дараагийн шатанд яаж алмайруулахыг тэсэн ядан хүлээж байна.

https://www.youtube.com/watch?v=coRFEealORA

Б.Билгүүн Ш.Мөнхбаяр “Нүд чинь хайр харуулна”

Д.Болд шүүгчийн багийн цөөхөн эрэгтэй оролцогчид болох Б.Билгүүн, Ш.Мөнхбаяр нар шүүгч, дасгалжуулагчийнхаа дуугаар өрсөлдсөн нь нэг модны хоёр мөчир гэдэг шиг эн тэнцүү өрсөлдөөнтэй агаад сонирхолтой байсныг та бүхэн санаж байгаа биз. Үзэгчдийн хувьд мөн л тэдний хэнийг ч шоунаас явуулмааргүй байсан нь Д.Болд шүүгчийн багийн оролцогчдын хүчийг бататгах мэт.

https://www.youtube.com/watch?v=hCY99QjBkHY

Халз тулааны 3-дох дугаарт:

Б.Одмандах А.Жаргал “Beep”

“Blind audition”-ий шатанд “Найрах арга чинь буруудаад байна” дууг дуулж “Voice of Mongolia” шоуны Youtube хуудас дахь одоогийн байдлаарх хамгийн их үзэлтийг аваад буй оролцогч Б.Одмандах, мөн манай шоуны цөөхөн эмэгтэй репперүүдийн нэг А.Жаргал нарыг хоршуулсан нь сонирхолтой шийдэл байсан юм. Eminem-ийн “Rap God” дууг дуулсан А.Жаргалын хувьд Д.Болд шүүгчийн энэ шийдвэр алдаагүй болохыг өөрийн дуулалтаар харуулсан юм. Шоуг цааш үргэлжлүүлэхээр болсон Б.Одмандахдаа амжилт хүсье! Хүчтэй байгаарай.

https://www.youtube.com/watch?v=rlGDvg0Z1WQ

Б.Мөнх-Эрдэнэ Б.Бүжинлхам “Pumped up kicks”

Монголын анхны эмэгтэй рок дуучны хүү Б.Мөнх-Эрдэнийн дуу хоолой “Voice of Mongolia” шоуны бас нэгэн чимэг байсан юм. Түүний өвөрмөц хоолойг Б.Бүжинлхамын энхрий ялдам хоолойтой хоршуулж “Pumped up kicks” дууг дуулуулсан нь өнгөрсөн долоо хоногийн сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг байлаа. Ямартай ч Д.Болд шүүгчийн багийн гялалзсан эмэгтэйчүүдийн нэг Б.Бүжинлхам багтаа үлдэж чадсан юм. https://www.youtube.com/watch?v=ELFX0z7XZOg

Оролцогчдын тулаан ширүүсэж, шүүгчдийн эргэлзээ ихсэж, үзэгчдийн сэтгэлийг гэгэлзүүлж буй халз тулааны шат дуусахад ердөө нэг дугаар үлдлээ. Д.Болд шүүгч үлдсэн оролцогчдоо хэрхэн өрсөлдүүлж, бидэнд юу үзүүлж, хэнийг багтаа авч үлдэх бол?