Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа

Өнөөдөр ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхийн шийдвэрээр ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 2018 оны 4-р сарын 10-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан асуудал нь хууль зөрчсөн эсэх, мөн яллагдагчаар цагдан хорих прокурорын санал үндэслэлтэй байсан эсэх асуудлыг шийдвэрлэх хурал болсон. Улмаар шүүх хурал хоёр цаг үргэлжилсний эцэст ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хорих хугацааг сунгасан юм. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсангүй, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг зөрчсөн. Энэ асуудлаар бид дараа дараагийн шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм.

Монгол Улсын 28 дахь ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шүүх хурлын дараа үргэлжлүүлээд ерөнхий сайд асан С.Баярын хэрэгт холбогдуулан шүүх хурал боллоо. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, гэмт хэргийн нотлох баримт бичгийг устгаж, зөөвөрлөж болзошгүй гэх шалтгаанаар баривчилсан. Улмаар өчигдөр Нийслэлийн прокурорын газраас С.Баярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд илгээсэн. Улмаар шүүх хүлээн авч, өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1.3-т зааснаар Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэсэн үндэслэлээр хорих хугацааг сунгажээ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn