Оюуны өмчийн эрх зүйн харилцааг зохицуулдаг гурван хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Гэрэл зургийг google.com сайтаас ишлэв

Манай улс оюуны өмчийг тойрсон эрх зүйн орчноо эргэн харж, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Ингэхдээ Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарагдах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулиудыг шинэчлэн найруулахаар төлөвлөжээ.

Монголчууд 1993 онд анх удаа өөрсдийн зохиогчийн эрхийн тухай хуулийг батлуулж, улмаар Бернийн конвенцид 1997 онд нэгдэн орсон. Үүнээс хойш оюуны өмчийн эрх зүйн орчин бүрдэж, Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарагдах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль гэсэн гурван хуулийг баримталж байна. Улмаар 2006 онд Патентийн хууль, Барааны тэмдгийн хууль, 2010 онд Зохиогчийн эрхийн хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн хүрээнд 2010-2016 оны хооронд иргэд 1500 шинэ бүтээл бүртгүүлж 70 хувь нь патент авчээ. Хэдийгээр өмнөх хуулиудыг хэрэгжүүлснээр нэг талаас тодорхой эерэг үр дүн гарсан ч гэлээ нөгөө талаас олон улсын гэрээ конвенцтой нийцэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс олон улсын гэрээ конвенцтой уялдуулах, патент авсан бараа бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, татварын орчинг нь бүрдүүлэх шаардлагатай гэж хууль тогтоогчид үзэж байна. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулагдаж, хуулиудын суурь судалгаа, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн. Гэтэл хуулийн хэрэгжилтээр асуудлыг ерөнхий байдлаар зохицуулдаг, амьдрал практиктай тохирдоггүйгээс гадна хуулиудын давхардал байгааг тогтоожээ. Үүнээс гадна иргэд оюуны өмчөө хамгаалах асуудлаар ахиц дэвшил гарч байгаагийн хажуугаар оюуны өмч бүтээж байгаа иргэдийн эрхийг хамгаалах шаардлага тулгарсан учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Ажлын хэсэг ирэх намрын чуулганаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих юм байна.

Б.Даваасүрэн

davaasuren.mn@mongoltv.mn