19-21 насны Монгол залуус АНУ-ын Беркли хотод гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

АНУ-ын Калифорни мужийн Беркли хотод өнгөрөгч мягмар гарагт 19-21 насны гурван монгол залуу дээрэм хийгээд зугтаах явцдаа хотын цагдаа нарт баригдан саатуулагдсан тухай беркли хотын цагдаагийн газар болон Америкийн хэд хэдэн мэдээллийн сайтад мэдээлжээ.
Калифорни мужийн Берклийн их сургуулийн 2 оюутан шөнийн 12 цаг 30 минутын үед “Режент” гудамжинд байрлах өөрсдийн байр луугаа орж байх үед зэвсэглэсэн хоёр залуу орж ирэн буугаар сүрдүүлж, эд хөрөнгө нэхсэн гэж хохирогчид мэдээлсэн байна. Беркли хотын цагдаагийн албаныхан хэргийн газар дээр ирэхэд залуус зугтсан байсан ч төд удалгүй баригджээ. Уг хэргээр саатуулагдаад байгаа залуус 19-21 насны Монгол залуус болохыг тогтоосон байна. Албаныхны мэдээлж байгаагаар хэргийг мөрдөх явцад гурван залуугийн нэг нь зэвсэглэсэн хагас автомат буутай байсан бөгөөд хохирогчдын эд зүйлсийг хулгайлсан нь тогтоогджээ. Тус хэргийн шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт Оакланд хотын шүүхийн газар болж өнгөрсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Мэдээллийн талаар гадаад харилцааны яам болон консулын газраас тодруулахад “Энэ хэрэг яг болсон эсэх нь тогтоогдоогүй байна, АНУ дахь Монголын консулын газраас тодорхой чиг баримжаа иртэл ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин АНУ-ын Сан-Франциско хот дахь Монгол улсын консулын газраас тодруулга авахаар хандсан боловч одоогоор ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байна.