Дүрвэгчдийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шүүмжиллээ

Дэлхийн зарим улс орнуудад гарч байгаа маргаан зөрчилдөөний улмаас 66 сая орчим иргэн улс орноосоо дүрвэсэн асуудалд одоо болтол дорвитой арга хэмжээ авахгүй байгаа улс орнуудын удирдагчид болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хүчтэй шүүмжилж байгаагаа пүрэв гарагт НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссар Филиппо Гранди мэдэгджээ.

Тэрээр маргаантай байгаа улс орнууд болох Сири, Ирак, Йемен, Афганистан, Ливи, Мали, Украйн, Өмнөд Судан, Төв Африкийн Бүгд Найрамдах улсуудад хандаж “Бид дэлхийд энх тайван байдлыг тогтоож чадахаасаа нэгэнт өнгөрсөн гэж үү?” хэмээн асуусан байна.

Мянмарын дүрвэгсдийн асуудал нь 1990 оны дунд үеэс хойших хамгийн хурдацтай үй олноороо дүрвэсэн тохиолдол болж байгаа юм.

Тэрээр Рохинжа иргэдийн нутаг болох рахин мужид хууль ёсыг хүндэтгэн хүний эрхийг хөндөхгүй байхыг Мьянмар улсаас хүсээд дүрвэгчдэд буцан эх орондоо ирэх нөхцлийг бүрдүүлж тэдэнд иргэншил олгох шаардлага байгаагаа мэдэгджээ.

Рахин хотод 8-р сарын 25-нд Мьянмар улсын цэрэг арми Рохинжа иргэдийн эсрэг “цэвэрлэх” ажиллагаа эхлүүлснээр 600,000 гаруй хүн төрөлх нутгаа орхин Бангладеш руу дүрвэсэн байна. Буддын шашин голлодог Мьянмарын засгийн газраас исламын шашинт Рохинжа иргэдийг Бангладеш улсаас Мьянмар улсад хууль бусаар суурьшиж байгаа Бенгаль дүрвэгчид гэж үзэн газар нутгаасаа хөөх ажиллагаа явуулсан юм.

Мьянмарын эрх баригчид Рохинжа иргэдийн гэр орныг галдан шатааж цэргийн хүч хэрэглэсэн явдалд НҮБ болон хүний эрхийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм.

Түүнчлэн АНУ-ын хэрэгжүүлж байгаа цагаачлалын эсрэг арга хэмжээг ч мөн шүүмжилж байгаагаа мэдэгдсэн бөгөөд дүрвэгчдийн аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын ажиллагааг сулруулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.