МОРТЕЗА МОХАСЕС: УДАХГҮЙ МОНГОЛЧУУД “ПРО” ЗЭРЭГЛЭЛТЭЙ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ БОЛОХ БАЙХ

Монголын хөл бөмбөгийн шилдэг дасгалжуулагч нарын хамрагдаж байгаа АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг Ираны ХБХ-ны техникийн захирал Мортеза Мохасес удирдан явуулж байна. Монгол дээд лигийн багуудын ахлах дасгалжуулагч нар болон Азийн хөл бөмбөгийн холбооны тэмцээнд оролцоход багийн дасгалжуулагч нар зайлшгүй “А” зэрэглэлтэй байх шаардлагаас гадна Монголын хөл бөмбөгийн клубуудыг ОУ-д бүртгэлтэй болгон лицензжүүлэхтэй холбоотой тус сургалтыг явуулах болжээ.

АХБХ-НЫ “А” ЗЭРЭГЛЭЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТАНД 21 ХҮН ХАМРАГДАЖ БАЙНА

Монголын хөл бөмбөгийн шигшээ 2016 онд Азийн чансаа доогуур багуудын дунд явагддаг “Солидарити кап” тэмцээнд оролцоход “А” зэрэглэлтэй дасгалжуулагч шаардлагатай байсан ч Монгол улсад тус зэрэглэлтэй мэргэлжилтэн байгаагүй улмаас Японы мэргэжилтэн Тошиаки Имайг түр хугацаанд шигшээ багийн дасгалжуулагчаар томилон тэмцээнд өрсөлдөж байжээ.

АЗИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ “А” ЗЭРЭГЛЭЛТЭЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ

Энэхүү сургалтын эхний шат өнгөрсөн жил явагдаж, улмаар АХБХ-ны сургагч багш Мортеза Мохасес энэ жил хоёр дахь шатны сургалтаар дахин Монгол улсад ирсэн нь энэ юм. Сургалтын үеэр Иран мэргэжилтний онцолж байгаа нэг зүйл нь дасгалжуулагч хүн зөвхөн хөл бөмбөгийн ур чадварыг олгоод зогсохгүй тоглогчдын сэтгэл зүйтэй маш сайн ажиллаж чаддаг тухайн багийн лидер байх байх шаардлагатай гэж байлаа. Тэд энэхүү сургалтыг амжилттай дүүргэснээр АХБХ-ны дасгалжуулагчийн хамгийн дээд зэрэглэл буюу про түвшний дасгалжуулагч болох боломж нээгдэх юм.

“ПРО” ТҮВШНИЙ СУРГАЛТ АВАХАД “А” ЗЭРЭГЛЭЛТЭЙ ДАСГАЛЖУУЛАГЧ ДОР ХАЯЖ 24 БАЙХ ХЭРЭГТЭЙ

Дашрамд дуулгахад одоогоор Монголын цөөнгүй дасгалжуулагч нар БНХАУ, ӨМӨЗО-д ажиллаж байна. Өнгөрсөн жил Монголын хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан И.Отгонбаяр Тайландын Бангкок хотноо АХБХ-ны сургалтанд амжилттай хамрагдаж Монголын анхны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч болж байлаа. Монголд “Б” зэрэглэлтэй дасгалжуулагч гуч гаруй бий. Энэ жил ч “Б” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтанд 14 хүн хамрагдаж байгаа юм.

АХБХ-НЫ СУРГАГЧ БАГШ, ИРАНЫ ХБХ-НЫ ТЕХНИКИЙН ЗАХИРАЛ МОРТЕЗА МОХАСЕС:

“Энэхүү ахисан түвшний сургалтын гол зорилго оролцогчдын дасгалжуулалтын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа. Тодруулбал тоглолтыг шинжлэх ухаан, бэлтгэл сургуулилт, дасгалжуулалтын арга зүй, тэр дундаа амжилттай дасгалжуулалтын хамгийн чухал хүчин зүйл болох тоглолтын задлан шинжилгээг хэрхэн хийх чадварыг сайжруулах зорилготой”

“Бид хөл бөмбөгийн дөрвөн чухал элемент дээр ажиллаж байгаа. Энэ нь техник, тактик, сэтгэл зүй, бие бялдар. Бас бид хөл бөмбөгийн хэлний ойлголцлыг дэмжихийг хичээж байна. Хөл бөмбөг хэл шинжлэлийн ухаанаас ангид өөрийн гэсэн хэлтэй. Энэхүү сургалтанд оролцогчид маань хэзээний өөрийн гэсэн ур чадвар, амжилт гаргачихсан хүмүүс. Анхан шат, дунд шатны зэрэглэлүүдтэй болчихсон, туршлагатай хүмүүс учир бид асуулт, хариулт дээр голлон сургалтаа явуулж байна.”

“Дасгалжуулагч бүр багаа удирдан Азийн томоохон тэмцээнүүдэд өрсөлдөхийн тулд ийм зэрэглэлийг хангасан байх ёстой. Тодруулбал Азийн өндөр түвшний тэмцээнүүдэд оролцоход “А” зэрэг, “про” зэрэглэлтэй байх хэрэгтэй. Харин “Б” зэрэглэл бол үндсэн мэдлэг олгох зорилготой юм.”

“Монголын дасгалжуулагч нар Азийн бусад орны дасгалжуулагчдаас харьцангуй сайн байна. Тэд энэхүү сургалтайнд чин сэтгэлээсээ, зохион байгуулалт сайтай, сурах чин хүсэл эрмэлзэлтэй, бас их нээлттэй хандаж байгаа. Миний зүгээс энэ сургалтанд оролцогчдыг өндөр үнэлж байна. Магадгүй ирэх хоёр, эсвэл гурван жилд монголын хөл бөмбөгт “про” зэрэглэлтэй дасгалжуулагч бий болно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ “Про” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг явуулахад “А” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагч дор хаяж 24 байх шаардлагатай.”