ЕБС-ийн 1500 сурагчид нэг нийгмийн ажилтан оногдох шаардлагатай

ЕБС-д нийгмийн ажилтнууд давхар сэтгэлзүйчийн үүрэг гүйцэтгэж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 1500 сурагчид нэг нийгмийн ажилтан оногдох журамтай. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд 2000-3000 орчим сурагчтай сургуульд нэг нийгмийн ажилтан ажилладаг нь хүрэлцээгүй бөгөөд сурагч бүртэй тулж ажиллахад тодорхой хэмжээний хүндрэл учруулдаг. Тиймээс нийгмийн ажилтнуудын квотыг нэмэгдүүлэхээс гадна сэтгэлзүйн чиглэлээр мэргэших хүсэлтэй байгаагаа нийгмийн ажилтнууд илэрхийлж байна. Учир нь сурагчид ар гэртээ асуудал тохиолдох, хүчирхийлэлд өртөх, сургуулийн орчинд гадуурхагдах, дээрэлхүүлэх зэрэг асуудалд нийгмийн ажилтан анхаарал хандуулж, шийдвэрлэх арга замыг зөвлөн туслах үүрэгтэй. Тэр тусмаа хүүхдүүдийн зан ааш тогтворгүй, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нийгмийн ажилчдаас сэтгэл зүйч байх ур чадварыг шаардаж байгаа юм. Сурагчдын хувьд нийгмийн ажилтанд ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт холбогдох, багш сурагчийг олон нийтийн дунд эвгүй байдалд оруулах, эсвэл өөрт тохиолдсон хүнд асуудлаа шийдвэрлэхэд нийгмийн ажилтныг тусламж дэмжлэгийг авдаг. Хэрэв нийгмийн ажилтнууд сэтгэлзүйн чиглэлээр сургалтад хамрагдвал тусламж үйлчилгээний хүртээмж сайжирна гэж үзэж байгаа. Нөгөө талаас нийгмийн ажилтнуудын хүрэлцээ бага байгаа учраас хүүхэд бүрт хүрч ажиллахын тулд ебс-ийн сурагчдын тооноос хамаарч квотыг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд өнөөдөр анхдугаар чуулга уулзалтаа зохион байгуулсан. Чуулга уулзалтынхаа хүрээнд сургуулийн нийгмийн ажлын өнөөгийн байдал болон тулгамдаж багаа асуудлуудаа шийдвэрлэхээр ярилцсан юм.