МӨӨЕӨ АВАРГАА ДУРСАХУЙ

Монгол түмний улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга, улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, олимпын наадмын мөнгөн медальт харьшгүй хүчит, мохошгүй зоригт, бүхэнд үүрд дуурсагдах Жигжидийн Мөнхбат 76 насандаа бурхны оронд оджээ.

Нацист Герман ЗХУ-д довтолсон 1941 онд энэ эрхэм хүмүүн Төв аймгийн Эрдэнэсант суманд хуучнаар есдүгээр баг одоогийн Сайхан багийн Хадан хошуу хэмээх газар малчин ард Доржийн Чанцалын 10 дахь хүүхэд нь болон мэндэлжээ. Их аварга Ж. Мөнхбатын төрүүлсэн ижийг Дэмбэрэлийн Хажид гэдэг агаад Мөөеө аварга айлын дөрвөн хүүгийн хамгийн отгон нь аж. Түүнийг мэндэлээд удаагүй байхад нагац ах болох Дэмбэрэлийн Жигжид үрчлэн авсан тул түүний нэрээр овогложээ.

1951 онд аймгийнхаа Баян-Уул сумын бага сургуульд оржээ. Тэрбээр багаасаа бөхөд сонирхолтой байсан учир өглөө, өдөр, оройгүй сургуулийнхаа түлээний хашааны дэргэд ноцолддог байсан нь их аварга болоход нь нөлөөлсөн биз ээ. Дөрөвдүгээр анги төгссөн 1955 оны зун сумынхаа наадам дээр хүүхдийн барилдаанд анх барилдан түрүүлж улмаар тэр жилээ Лүн сумын долоон жилийн дунд сургуулийн тавдугаар ангид элсэн суралцсан бөгөөд тухайн үеэс тогтмол барилдан бөхийн хэд хэдэн мэх сурчээ.

“Бөх болохын хорхой, ухаан суулгасан хүн бол нутгийн бөх Ч.Тангад гэж хүн байсан” хэмээн тэрбээр дурссан гэдэг. Мөн БНМАУ-ын даян далай даяар дуурсагдах , олныг баясуулагч дархан аварга үндэсний спортын ууган гавъяат мастер Б. Түвдэндорж агсан “Мөнхбатад хий даанч байхгүй дээ. Үндэсний бөхөөр санасандаа хүрсэн. Би түүнд баярладаг юм. Арван хэдтэй байхдаа над дээр ирээд “Барилдаад баймаар болчихлоо, бөх болж чаддаг болов уу” гэж асууж билээ хэмээсэн байна.

1958 оны хавар долдугаар анги төгсөх жилийн Майн баяраар улс аймгийн цолтой бөхчүүдийн тойргийн барилдаанд барилдан улсын начин Г.Бат-Эрдэнэтэй хоёр цаг гаруй ноцолдож хэн хэнийгээ унагааж чадалгүй өрсөлдөгч нь барилдааныг орхин явсан гэдэг. Тус барилдаанд аймгийн заан Д.Дагва түрүүлж, энэ бичвэрийн маань баатар үзүүрлэжээ. Тэр жилдээ Улаанбаатар хотод ирж Санхүү, эдийн засгийн техникумд элсэн орсноор барилдаан бүрт зодоглох боломж бүрдсэн байна. Анх тойргийн барилдаанд 17 настай хэмээн гологдсон ч хүн дутаж барилдах боломж гарч байсан аж. Тухайн үед СЭЗТ-н багш Ц. Гомбо анхааралдаа авч дасгалжуулан сайхан бөх болоход нь их хувь нэмэр оруулжээ.1960 оны зун сумынхаа наадамд барилдан түүртэлгүй түрүүлэхэд нутаг усныхан нь “Д.Жигжидийн хүүд сайн бөхийн шинж оржээ. Хичээвэл сайн бөх болох нь” гэж ярьсанд ихэд урамшсан гэдэг.

Тэрбээр 1961 он буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярыг угтсан Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад оролцохоор “Соёл” нийгэмлэг аваргаа шалгаруулахад дархан аварга Д.Дамдинтай үзүүр түрүүнд үлдэн давжээ. Энэ барилдаан нь түүний харьшгүй хүчтэй аварга бөхийг унагасан анхны том амжилт нь байв. МБАТ-ий анхдугаар спартакиадын бөхийн барилдаанд 27 бөх тойргоор барилдахад Ж.Мөнхбат хоёр унан спартакиадын аварга болж, улсын заан цол, алтан медаль хүртжээ.

Хонгодох, тойгдох, хутгах, ачих, тонгорох мэхүүдийг гаргууд эзэмшсэн тэрбээр Ардын төрийн их баяр наадамд 1963-1967 онд завсаргүй тав түрүүлсэн түүхтэй. 22 насандаа аварга цолыг хүртсэн нь үндэсний бөхийн түүхэнд хамгийн залуу насандаа аварга цолыг хүртсэн анхны бөхөд тооцогдох болсон юм. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966 оны Ардын хувьсгалын 45 жилийн ойн их баяр наадмын зургаагийн даваанд улсын начин А.Тажив, долоогийн даваанд улсын начин Д.Сэрээтэр, наймын даваанд улсын заан Х.Баянмөнхийг өвдөг шороодуулж, үзүүр түрүүнд аварга Д.Дамдинтай үлдэн аваргыг хөлд орох vед нь дэгээдэх мэх хийн өвдөг шороодуулж давсан гэдэг. Харин 1967 онуудад дархан аварга Х.Баянмөнхийг орхин улсынхаа баяр наадамд дөрөв дараалан түрүүлж дархан аварга цол хүртжээ. Хожим 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин зургаа дахь удаа түрүүлсэн байдаг.

Дашрамд дурдахад хожмоо “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх”-ийн нэг тэрбээр хурц түргэн, дайчин шаламгай барилдаантайгаас гадна ид гарч ирж байх үедээ төрийн өндөрлөгүүдтэй харьцаа таарамжгүй байжээ. “Давах би яараагүй байхад” гэдэг номондоо “Улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлээд төв асрын индэр дээр очиход сайд, дарга нар аварга цол өгдөггүй юм байна. Уг нь үндэсний бөхийн дүрмэнд нэг түрүүлбэл улсын арслан, хоёр удаа түрүүлбэл улсын аварга цол өгдөг. Гэтэл Ж.Мөнхбатад улсын аварга цол өгөлгүй өнгөрөхөд дараа жил заавал түрүүлнэ гэж хэлжээ. Ингээд дараа жилийн наадам ч болж Ж.Мөнхбат ес даван түрүүлж дарга нарын өмнө очиж “Өгдөггүй аварга цолоо одоо өг. Эсвэл би дараа жил сумын наадамд барилдаж түрүүлээд надад даага өгвөл та нар тэр даагыг минь битгий булааж аваарай” гэж хэлсэн тухайгаа өгүүлсэн байдаг.

Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлж байсан бол түүнээс хойш нийт зургаан удаа цагаан сарын барилдааны түрүүг хүртсэн нь бүх бөхчүүдээс 3-т орох амжилт болжээ. Түүний өмнө Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ.

Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн анхны гишүүдийн нэг тэрбээр 1967 онд Энэтхэг улсын Нью Дэли хотноо болсон бөхийн барилдааны ДАШТ-ий чөлөөт барилдааны 87 кг-д хүрэл медаль хүртсэн нь монголын тамирчдын анхны медаль байжээ. Цаашид олон улсын тэмцээнээс гурван алт, хэд хэдэн мөнгө, хүрэл медалийн эзнээр тодорсон байна.

Мөөеө аварга бөхийн чөлөөт барилдаанаар Монгол улсын спортын түүхэнд олимпын наадмаас медаль хүртсэн анхны тамирчдын нэг төдийгүй, анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан гавьяатай. Тэрбээр 87 кг-ийн жинд эхлээд Герман, дараа Мексик, гурав дахь шатанд Щвейцарийн бөхийг буулган авч дөрөвдүгээр шатанд гоц мөргөж, дараагийн шатуудад 1964 оны Токиогийн олимпийн аварга Болгарын бөх Продан Гаржев, тус жинд олимпийн аварга болсон ЗХУ-ын бөх Борис Гуревич болон АНУ, Туркийн бөхчүүдтэй барилдан дэд байр эзэлсэн байдаг. Тус мөнгөн медаль нь Монголчуудын зуны олимпийн наадмаас бөхийн чөлөөт барилдаанаар хүртсэн есөн медаль, дөрвөн мөнгийн эхлэл билээ.

Ж.Мөнхбат нь 1974 онд Улсын их баяр наадамд зургаа дахиа түрүүлсэн төдийгүй наадмын барилдаанд дөрөв үзүүрлэн нийтдээ 23 удаа шөвгөрсөн замналтай. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа зургаа даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ. Түүний спортын амжилтыг тухайн үеийн нам, засгаас үнэлэн БНМАУ-ын спортын гавьяат, мастер цол, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнасан байдаг. Энэ тухай дор тодорхой өгүүлнэ.

-1961 оны улсын баяр наадамд зургаа давж идэр шаламгай чимэг

-1962 оны Улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд Улсын заан Л.Сосорбарамд унаж дэд байр эзэлжээ.

-1962 оны УБН-д гурав давж дөрвийн даваанд Өмнөговь аймгийн арслан Б.Манлайжавд өвдөг шороодсон нь том сургамж болжээ.

-1963 оны УБН-д ес давж түрүүлэн арслан цол

-1964 онд ес давж түрүүлэн улам нэмэх чимэг

-1965 онд ес давж түрүүлэн Улсын аварга цол

-1966 онд ес давж түрүүлэн Дархан аварга цол

-1967 онд ес давж түрүүлэхэд нь чимэг олгоогүй

-1968 онд давж олныг баясуулагч чимэг

-1969 онд долоо давсан ч хаялцаагүй удсан тул хасагдаж мөн чимэг олгоогүй

-1970 онд олимпын наадамд оролцсон тул барилдаагүй

-1971 онд зургаа давж бат нягт чимэг

-1972 онд найм давж үзүүрлэж далай даян чимэг

-1973 онд долоо давж даяар дуурсагдах чимэг

-1974 онд ес давж түрүүлж баяр наадмын манлай чимэг

-1975 онд найм даван үзүүрлэж түмнээс төгөлдөр чимэг

-1975 оны Монголын бүх ард түмний V спартикиадад 30 барилдаанаас 26 давсан амжилтаар гуравдугаар байр эзэлж Улс даяар гайхамшигт чимэг

-1976 онд гадаадад тэмцээнд явсан тул барилдаж чадаагүй

-1977 онд долоо давж өнөд баясгалант чимэг

-1978 онд найм давж үзүүрлэн далай дайчин чимэг

-1979 онд долоо давж бүхнээ дурсгалт чимэг

-1980 онд найм давж үзүүрлэж манлайн баясгалант чимэг

-1981 онд долоо давж үлэмж бадрах чимэг

-1983 онд долоо давж тод сонин үзэсгэлэнт чимэг

-1984 онд дөрөв давж тавын даваанд Улсын арслан Л.Сосорбарамд өвдөг шороодов.

-1985 онд зургаа давж бат нягт чимэг

-1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын баяр наадамд тус бүр 4 давж аймгийн начин Ж.Даваажав , аймгийн арслан Б.Жавхлантөгс, улсын начин Ц.Дамдин , аймгийн арслан Д.Адъяатөмөр , залуу бөх Р.Гансүх, аймгийн арслан Х.Амараа нарт цол ахиулах боломж олгожээ.

-1994 онд зургаа давж өнөд түвшин хотлоор баясгагч чимэг.

-1995, 1996, 1998, 1999, 2001, 2002, 2003 онуудад тус бүр дөрөв давж аймгийн арслан Г.Өсөхбаяр, аймгийн арслан Г.Эрдэнэбат, аймгийн арслан П.Моломжамц, аймгийн арслан Ч.Мөнхтогтох, аймгийн заан Д.Нямхүү, аймгийн арслан Л.Отгонбаяр, аймгийн арслан Г.Эрхэмбаяр нарыг улсын цолны босго алхуулж өгчээ.

-1997 онд нэг давж Увсын залуу бөх(цэрэг) Данзандаржаад

-2006 онд хоёр давж улсын начин Б.Бадам-Очирт өвдөг шороодож барилдаанаа өндөрлөжээ.

-1982, 1992, 1993, 2000, 2004, 2005 онуудын баяр наадамд зодоглоогүй.

Нэгдэлчдийн өдөр, Цагаан сарын барилдаанд 1963, 1964, 1968, 1973, 1976, 1981 онд түрүүлж , 1966, 1975, 1978 онд үзүүрлэжээ.

Түүний дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг удаа дараа дуурсгаж байсан болон үндэсний бөхөөр үзүүлсэн амжилтыг нь төр засаг, ард түмнээс өндрөөр үнэлж 1967 онд гавьяат тамирчин, 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээснээс гадна 1990 оноос төрийн түшээгээр сонгож, Монгол улсынхаа анхны ардчилсан хуулийг батлалцаж явсан алдар цуутай аварга юм. Мөн Ж.Мөнхбат аваргын 1993 онд үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуулиас улсын аварга Г.Эрхэмбаяр энэ агуу спортын эхлэлээ тавьж байжээ. Мөн түүний хүү Хакухо Шоо буюу Ж.Даваажаргал 2007 оны 5 сарын 30-нд тэрээр 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх Ёкүзана болж өдгөө олон даваа, түрүү, рекорд амжилтыг эзэгнэдэг билээ.

Түмэн эрийн барилдаанд ч

Түдэлгүй түрүүлдэг

Түм олны дотроос

Тэргүүн сайныг нь амладаг

Төрийн их наадамд

Тодрон шалгарч үлддэг

Бөхийн түрүүнд магнай

Бүхэнд үүрд дурсагдах

Хөх тэнгэрийн доорх

Хүчээр төгс АВАРГА аа 🙁