Нийслэлийн хэмжээнд өмчлүүлэх газрын нөөц дууссан

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байгаа. үүнтэй холбогдуулан дүүргүүдийн газрын албаны ачаалал эрс нэмэгджээ. Тиймээс нийслэлийн харьяа газрын албад энэ сарыг дуустал бямба гарагт нэмж ажиллахаар болжээ.

2002 онд УИХ-аас монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсан. Хуулиар монгол улсын иргэнд нэг удаа газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэхээр заасан бөгөөд 2008 оныг хүртэл хэрэгжихээр анх баталсан. Гэвч иргэдийн идэвх хангалтгүй гэх шалтгаанаар УИХ-аас 3 ч удаа энэ хуулийг хугацааг сунгаж хамгийн сүүлд 2018 оны 5 сарын нэгний өдөр хүртэл баталсан юм. Тодруулбал 21 хоногийн дараа энэ хуулийн хугацаа дуусч байгаа юм. Хуулийн хугацаа дууссанаар иргэд 1 м2 газрыг 13.200 төгрөг буюу 07 га газрыг 9 сая 240 мянган төгрөгөөр худалдаж авахаар байгаа юм. Үүнээс үүдэж дүүргүүдийн газрын албадын ачаалал өнгөрсөн долоо хоногоос эрс нэмэгдсэн байна. тиймээс энэ сарыг дуустал нийслэлийн харьяа газрын албад бямба гарагт ажиллаж иргэдэд үйлчилхээр болжээ.

Нийслэлийн хэмжээн дахь гэр хорооллын айл өрхүүдийн 90 орчим хувь нь газраа өмчлөөд байгаа юм. харин орон сууцны иргэдэд өмчлүүлэх газрын нөөц нийслэлд дууссан учир иргэд 21 аймагт газар өмчлөх эрх нь нээлттэй гэж байгаа юм. Монгол улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн үйлчлэл ирэх сард дуусгавар болж байгаатай холбогдуулан энэ хуулид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг засгийн газраас боловсруулж байгаа юм байна. хуулийн төсөлд газар өмчлөлийг хугацаагүй болгохоор тусгаад байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Ч.Дэлгэрцэцэг