Улаанбаатар хот үсгэн хэлбэртэй, биет бэлгэ тэмдэгтэй боллоо

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан хотын биет бэлгэ тэмдэг бүтээжээ.

Дэлхийн томоохон хотуудын жишгээр Улаанбаатар хот үсгэн хэлбэртэй, биет бэлгэ тэмдэгтэй боллоо. Бусад улсын хотуудтай харьцуулахад үгсийг уран бичлэгээр бичсэн бөгөөд хүний анхаарлыг татах таатай сэтгэгдэл төрүүлэхээр бүтээжээ. Ийнхүү хотын бэлгэ тэмдэгтэй болсноор аялал жуулчлалын зорилготой сурталчилгаа хийхээс гадна, жуулчдын урсгалыг нэмэгдүүлдэг аж. “Улаанбаатар” бэлэг тэмдгийн хувьд нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг бөгөөд нийслэл хотын 378 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн бөгөөд улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулжээ. Уг бэлгэ тэмдгийн бүтээх ажлыг “Б.Ц.Х.Ц” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд U, L, B, T үсэгнүүдийн хэмжээ 170 см бол бусад үсэгнүүд 108 см, нийт урт нь 1025 см ба суурь нь 20 см хэмжээтэй.

Нийслэлийн хэмжээнд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газар байдаг. Үүний 80 орчим нь хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холботой бол 80 гаруй нь хот чимэглэлийн зориулалттай. Харин үлдсэн хувь нь түүх соёлын ач холбогдол бүхий дурсгал газарт байрлуулсан уран баримал хөшөө байдаг. “Улаанбаатар” биет бэлэг тэмдгийг байгуулснаар хөшөө дурсгалын тоо нэгээр нэмэгдэхээс гадна нийслэлийн иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлж, гадаад дотоодын жуулчдын сэтгэлд эерэг дурсамж үлдээн, хотын гудамж талбайн өнгө төрхөд нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх бүтээн байгуулалт болжээ.

Аялал жуулчлалын салбараараа дэлхийд тэргүүлдэг томоохон хот бүр биет, үсгэн бэлэг тэмдгээрээ жуулчдаа татах арга хэмжээг авдаг. Нидерландын нийслэл Амстердам хотыг илэрхийлэх “I amsterdam”, Канад улсын Торонто хотын “Тoronto”, ОХУ-ын Москва хотын “Я люблю Москва”, БНСУ-ын Сөүл хотын “I SEOUL U” гээд биет бэлэг тэмдгүүд гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татаж, очиж үзэх ёстой газрын нэгт тооцогддог юм.