Кёрлинг, теннис, хөл бөмбөг, авто спортын мэдээллүүд

ШВЕДИЙН КЁРЛИНГЧИД ДАШТ-Д НАЙМ ДАХИА ТҮРҮҮЛЭВ

АНУ-ын Лас Вегаст болсон Кёрлингийн эрэгтэйчүүдийн ДАШТ-нд Швед, Канадын багууд шувтаргын тоглолтонд тунаж өрсөлдсөн байна. Өнгөрсөн жил Канадад болсон тус тэмцээний финалд энэ хоёр баг тунахад 4:2-ийн харьцаатай Канадын баг хожиж 36 дахь удаагаа түрүүлж байлаа. Тэд нийт 53 дахь удаагаа финалд өрсөлдсөн нь энэ. Тэмцээн 1959 оноос хойш зохион байгуулагдаж байгаа юм. Тэгвэл энэ удаагийн тоглолтонд Шведийн тамирчид 7:3-ийн харьцаатай хожиж түрүүлжээ. Шведийн баг өмнөх шатанд 12 тоглолтоос 11 хожиж тэргүүлэн, хагас шигшээд Өмнөд Солонгосын багийг буулган аваад байлаа. Шведийн 16 дахь финал найм дахь түрүү болж байна. Хүрэл медалийн төлөөх тоглолтонд Шотландчууд 11:4-өөр БНСУ-ын багийг хожжээ.

ГАРБИН МУГУРУЗА МЕКСИКИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР ТОДОРЛОО

Мексикийн Монтеррей хотод болсон эмэгтэй теннисчдийн тэмцээнд аваргын төлөө Унгарын теннисчин Тимея Бабош, Их дуулга тэмцээний хошой аварга Гарбин Мугуруза нар тоглож Испани бүсгүй энэ жилийн анхны цомоо өргөсөн байна. Энэ хоёр теннисчин нас чацуу. Мугуруза дэлхийн чансааны гуравт, Бабош 44-т эрэмбэлэгдэж байгаа юм. Тэд тав дахь удаагаа халз тоглож, хэдийгээр Унгар бүсгүй 6:3-аар эхний сетд хожсон ч удаах тоглолтуудад 6:4, 6:3-аар Испанийн теннисчин илүүрхэж нэг ч ялагдаж байгаагүй цувралаа үргэлжлүүлсэн юм.

ВАХИД ХАЛИЛХОДЖИЧ ЯПОНЫ ШИГШЭЭГ ОРХИХ УУ?

Японы хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Вахид Халилходжичийг халахаар болжээ. Өдгөө 65 настай Боснийн хөл бөмбөгчин асан, дасгалжуулагч тэрбээр 2015 оноос хойш Японы шигшээ багийг удирдаж байгаа. Хэдийгээр хэсгээ тэргүүлэн ДАШТ-ий эрхээ авсан ч ЗААШТ-ий шийдвэрлэх тоглолтонд БНСУ-ын багт ялагдан дэд байр эзэлж, сүүлийн хоёр нөхөрсөг тоглолтонд хожоогүй нь түүний байр суурийг ганхуулсан тухай Японы дотоодын мэдээллийн агентлаг өгүүлсэн байна. Өнгөрсөн жил БНСУ-ын баг герман мэргэжилтэн Ули Штиликег дотоодынхоо мэргэжилтэн Шин Тэ-Ёноор сольсон бол Австралийн шигшээ Анге Постекоглутай гэрээгээ дуусгавар болгож Берт Ван Марвикийг ажиллуулж байгаа гээд Азийн топ багуудад ДАШТ-ий өмнө дасгалжуулагчдын сэлгээ хийгдээд байгаа юм.

СЕБАСТИАН ФЕТТЕЛЬ ДАХИН ТҮРҮҮЛЛЭЭ

Формула нэгийн ДАШТ-ий энэ жилийн хоёр дахь гран при уралдаан Бахрэйнд боллоо. Улирлын эхний уралдааны ялагч Себастиан Феттель энэ уралдааны байрлал тогтоох гараанд хамгийн хурдан нь байж нүүрний эгнээнээс эхлүүлсэн. Феттель өмнө нь Рэд Булл-Рено багт байхдаа хоёр жил дараалан Бахрэйний гран прид түрүүлж байсан бол өнгөрсөн жил гурав дахь түрүүгээ хүртэж Фернандо Алонзогийн амжилттай зэрэгцээд байлаа. Мөн өнгөрсөн жилийн дэлхийн аварга Льюис Хэмилтон энэ гран прид хоёр жил дараалан түрүүлж байсан удаатай. Гэхдээ Хэмилтон энэ жил байрлал тогтоох гараанд тааруухан оролцож ес дэх байрлалаас уралдааныг эхлүүлсэн юм. Мөн уралдааны эхэнд Рэд булл рэйсинг-Таг Хауэр багийн Даниел Рикардо цахилгааны гэмтлийн улмаас хасагдсан бол удалгүй Макс Верстаппений машин мөн л эвдэрч уралдааныг орхилоо. Ингээд 57 тойргийн төгсгөлд Себастиан Феттель, Валттери Боттас нарын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн: Барианы өмнөхөн Феттель гүйцэгдэх дөхөж, ердөө 0.6 секундын зөрүүтэй Герман нисэгч түрүүлэн, Финлянд эр аман хүзүүдсэн юм. Харин Льюис Хэмилтон гуравдугаар байр эзэллээ. Ийнхүү Себастиан Феттель эхний хоёр гран прид түрүүлж 50 оноотой тэргүүлэн араас нь Хэмилтон 33, Валттери Боттас 22 оноотой хоёр, гуравдугаар байруудад эрэмбэлэгдэж байна.

РАФАЭЛ НАДАЛ, ДАВИД ФЕРРЕР НАР БАГАА ХАГАС ШИГШЭЭД ХӨТЛӨВ

Өнгөрсөн өдрүүдэд талбайн теннисний эрэгтэй багуудын дунд явагддаг Дэвис Кап тэмцээний шөвгийн наймын тоглолтууд явагдаж Испанийн баг Валенсиа хотдоо Германы багийг 3:2-ийн харьцаатай буулган авсан байна. Хэдийгээр Рафаэл Надал ганцаарчилсан тоглолтоор багтаа ялалт авчирсан ч Александр Зверев хожлын харьцааг тэнцүүлж, хосын тоглолтоор 2:1-ийн харьцаатай Германы баг хошуучилж байлаа. Гэвч Зверев, Надал нарын халз тоглолтонд Испани эр хожлын харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн бол Давид Феррер мөн ганцаарчилсан тоглолтонд Филипп Колшрайберийг буулган авснаар багтаа гурав дахь ялалтыг нь авчирчээ. Ийнхүү Испанийн теннисчин хагас шигшээд шалгарч Францын эсрэг тоглохоор болоод байна. Хагас шигшээ тулаанууд есдүгээр сард болно. Испани эрчүүд энэ тэмцээнд ес шөвгөрч, хамгийн сүүлд 2011 онд тав дахиа түрүүлсэн түүхтэй.

ЧАРЛСТОНЫ ТЭМЦЭЭНД КИКИ БЕРТЕНС АВАРГАЛЖЭЭ

АНУ-ын Өмнөд Каролинагийн Чарлстон хотноо болсон эмэгтэй теннисчдийн тэмцээний ганцаарчилсан төрлийн шувтаргын тоглолт дэлхийд 13-т эрэмбэлэгдэж байгаа Германы теннисчин Жулиа Гёргес, 27-д бичигдсэн Голландын Кики Бертенс нарын хооронд боллоо. Кики Бертенс энэ жил 15 удаа дэлхийн чансааны эхний 20-д багтсан теннисчинтэй халз тоглож байсан ч нэг ч хожиж байгаагүй. Гэхдээ энэ өдөр 6:2, 6:1-ээр илт давуу хожиж замналынхаа тав дахь цом, ялангуяа сүүлийн 11 сард гурав дахь цомоо өргөлөө. Мөн 26 настай Кики Бертенсийн тамирчны замналдаа түрүүлсэн хамгийн том тэмцээн нь энэ байлаа. Тэмцээний аварга чансааны 470 оноо, 132,000 ам.долларын шагнал хүртдэг.

СЕБАСТИАН ОЖЬЕ ЭНЭ ЖИЛИЙН ДӨРВӨН УРАЛДААНЫ ГУРАВТ НЬ ТЭРГҮҮЛЛЭЭ

Раллигийн ДАШТ-ий энэ жилийн дөрөв дэх уралдаан Францад боллоо. Өнгөрсөн жилийн аваргын цомыг хамгаалагч, дэлхийн таван удаагийн аварга Францын тамирчин Себастиан Ожье энэ жилийн дөрвөн уралдааны гуравт нь хамгийн шилдгээр тодорлоо. Себастиан Ожье хамгийн сүүлд 2016 онд нутгийнхаа уралдаанд тэргүүлж байлаа. Харин өнгөрсөн жил хоёрт орсон. Энэ уралдаанд алдарт Себастиан Лёб дөрвөн жил дараалан түрүүлж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил Себастиан Ожье уралдааны эхнээс л хошуучилсаар эцэст нь ялагчаар тодорсон юм. Тэрээр дөрвөн уралдааны дараах байдлаар 84 оноотой, арын тамирчин Бельгийн Тьерри Нёвиллиэс 17 оноо илүү ДАШТ-ийг хошуучилж байна. Дараагийн ралли энэ сарын сүүлээр Аргентинд болно.

АВСТРАЛИЙН ЛИГТ БРАЗИЛ ХӨЛ БӨМБӨГЧИН БОБО РЕКОРД ТОГТООЖЭЭ

Австралийн хөл бөмбөгийн лигийн үеэр Сидней клубын бразил тоглогч Бобо буюу Дейвсон Рожерио Да Силва нэг улирлын тоглолтонд хамгийн олон гоол оруулсан рекордыг тогтоожээ. Тодруулбал Сидней клуб талбайдаа Аделайд Юнайтед багийг хүлээн авч 26 дахь тоглолтоо хийн 3:0-ийн харьцаатай хожсон байна. Бобо тоглолтын хоёр дахь гоолыг оруулж өөрийн эзэмшиж байсан рекордыг давтсан. Түүний лигтээ оруулсан 25 дахь гоол нь байлаа. Тэгвэл тэрбээр долоон минутын дараа өөрийн эзэмшдэг рекордыг эвдэн 26 дахь гоолоо оруулж онооны харьцааг 3:0 болгожээ. Ингэснээр Австралийн лигийн 26 тоглолтонд 26 гоол оруулсан рекорд боллоо. Сидней клуб 14 онооны зөрүүтэй лигээ тэргүүлж байна.

МАДРИДЫН ДЭРБИ ТЭНЦЭЭГЭЭР ӨНДӨРЛӨВ

Испанийн хөл бөмбөгийн лигийн дээд дивизионы 31-р тойрогт Мадридын дэрби тоглолт болж тэнцээгээр өндөрлөсөн байна. Өөрөөр хэлбэл тоглолтын өмнө Реал, Атлетико багууд дөрвөн онооны зөрүүтэй байсан нь хэвээр үлдлээ. Эхний хагаст гоол ороогүй. Харин завсарлааны дараахан Гарет Бэйлийн хөндлөн дамжуулалтаас Криштиану Роналду тоог нээсэн юм. Португал эр дотоодынхоо лигийн сүүлийн долоон тоглолт дараалан гоол оруулж, 15 гоол авчирлаа. Түүний лигтээ оруулсан 23 дахь гоол байсан юм. Тэгвэл дөрвөн минутын дараа Антуан Гриезманн онооны харьцааг тэнцүүллээ. Түүний лигийн 18 дахь гоол байсан. Ийнхүү Мадрид дэрби 1:1-ээр дуусч Атлетико 68, Реал 64 оноотой болсон юм.

МЕССИ ХЭТ-ТРИК ХИЙЖ БАРСЕЛОНА ХОЖИГДОЛГҮЙ ЦУВРАЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЛЭЭ

Тэгвэл энэ тойрогт Месси хэт-трик хийж Барселона хожигдолгүй цувралаа үргэлжлүүллээ. Барселона арын баг Атлетико Мадридаас 11 онооны зөрүүтэй болж холдоод байна. Месси лигтээ зургаан тоглолт дараалан гоол оруулж, тэрхүү зургаан тоглолтонд есөн гоол багтаа авчирснаар нийт 29 гоолтой Ла лигийн мэргэн буучдыг хошуучилж байгаа юм. Барселона энэ өдөр 3:1-ийн харьцаатай хожсоноор 24 ялалт долоон тэнцээний 79 оноотой тэргүүлж Испанийн лигт 38 тоглолт дараалан ялагдаагүй Реал Сосьедадын 1979/80 оны улирлын рекордтой тэнцэж байна. Тэд ирэх бямба гарагт Валенсиаг хожвол рекорд шинэчлэгдэх юм.