Оюуны өмч нь нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй баялаг юм

Оюуны өмч гэдэг нь бидний байшин, машин, мөнгө зэрэг эд зүйлстэй адилхан эд хөрөнгө буюу биет бус өмч юм. Дэлхий дахинаа оюуны өмчийг аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрх гэж хоёр ангилж үздэг.

Аж үйлдвэрийн өмчид,

  • Шинэ бүтээлийн патент
  • Барааны тэмдэг
  • Бүтээгдэхүүний загвар
  • Газар зүйн заалт зэрэг бүтээлүүд хамаардаг бол

Зохиогчийн эрхэд,

  • Ном, товхимол зэрэг бичмэл бүтээл
  • Гэрэл зураг, уран зураг
  • Кино, дуу хөгжмийн бүтээл
  • Уран баримал
  • Компьютерийн программ зэрэг оюуны бүтээлүүд ордог.

Оюуны өмчийн ач холбогдлыг анх 1883 оны Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисийн конвенци, 1886 оны Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцид тус, тус хүлээн зөвшөөрсөн байдаг. Олон Улсын Оюуны Өмчийн Байгууллагын ерөнхий ассемблей 2000 оноос эхлэн жил бүрийн 4 сарын 26-ныг Дэлхийн оюуны өмчийн эрхийн өдөр болгон зарласан байдаг. Манай улсын хувьд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагад 1976 онд элсэн орж байжээ.

ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж хэлэхдээ “Оюуны өмчийн хулгай ихэвчлэн зохиогчийн эрхийн асуудал дээр гардаг. Тиймээс бид нэг уран бүтээлийн цаана хэн нэгний, эсвэл баг хамт олны хэдэн сар, жилийн нөр их хөдөлмөр, магадгүй насан туршдаа суралцаж, судлаж олж авсан мэдлэг,туршлага, ур чадвар байдаг гэдгийг ухаарч, оюуны өмчийг хүндэлж, үнэлж сурах хэрэгтэй” гэсэн юм.