АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт зохиогдох боломжтой газруудын тоонд Улаанбаатар хот нэрлэгджээ

АНУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүн нар ирэх 5-р сард хэлэлцээрийн ширээний ард суух гэж байгаатай холбогдуулан уулзалтыг хэдний өдөр, хаана зохион байгуулах талаар хоёр талын төлөөлөгчид хэд хэдэн удаа нууц уулзалт зохион байгуулж хэлэлцсэн тухай CNN агентлаг мэдээллээ.

Хоёр орны удирдагчийн түүхэн чухал уулзалтыг зохион байгуулах газраар Хойд Солонгосын төлөөлөгчид нийслэл хот Пхьеняныг санал болгож байгаа ч АНУ-ын зүгээс тус саналыг хүлээн авах нь эргэлзээтэй байгаа юм. Уулзалт зохион байгуулагдах боломжтой газраар Монгол улсын нийслэл Улаанбаатар хот яригдсаныг эх сурвалжууд мэдээлсэн байна. Өмнө нь Ази-Номхон далайн орнуудын улс төр, нийгмийн асуудлаар дагнасан нийтлэл мэдээллүүд гардаг “The Diplomat” цахим сэтгүүл “АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалтаас өмнө хариулах ёстой найман асуулт” гэсэн нийтлэлдээ “АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагчтай уулзахын тулд БНАСАУ-ыг зорих нь юу л бол. Тиймээс хэлэлцээрийг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар бол Хоёр Солонгосын хил дээр оршдог Панмүнжом тосгон байж болох ч хэрэв өөр газар зохион байгуулъя гэвэл хамгийн тохиромжтой газар бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот юм” хэмээн дурдсан байдаг.

Талууд уулзалт хийх газраа тохирсныхоо дараа уулзалтын өдрийг сонгож, бэлтгэл ажлыг илүү дэлгэрэнгүй байдлаар хэлэлцэж эхлэнэ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хувьд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай аль болох хурдан хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тэрээр уулзалттай холбогдуулан хоёр долоо хоногийн дараа япон улсын ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзахаар товлоод байна.