Фэйсбүүк компани зөвхөн баталгаатай хуудас болон хаягуудад улс төрийн холбогдолтой зар сурталчилгаа явуулах эрх олгоно

Бямба гарагт Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг ирэх онд АНУ, Мексик, Энэтхэг, Пакистан зэрэг хэд хэдэн улсад сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор сонгуулийн үйл явцад Фэйсбүүкээр дамжуулан хөндлөнгөөс оролцохоос сэргийлэх арга хэмжээ авах нь Фэйсбүүк компанийн 2018 оны гол зорилт байх болно гэдгийг мэдэгджээ. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-аас хөндлөнгөөс оролцсоныг илрүүлсэн даруйдаа Фэйсбүүк компани 2017 оны Франц, Герман улсын сонгуулийг угтан хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэдэн зуун мянган хуурамч хаягуудыг устгах арга хэмжээ авч байсан юм. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт л гэхэд ОХУ-ын томоохон сүлжээ бүхий хуурамч хаягуудыг устгаад байна.

Ирэх сонгуулиудыг угтан Фэйсбүүк компанийн зүгээс авч хэрэгжүүлэх ажлуудаас дурдвал:

Улс төрийн холбогдолтой зар сурталчилгааны хаягуудад бүгд өөрсдийн мэдээлэл болон хаяг байршлаа баталгаажуулахыг шаардах. Хэрэв тухайн хаяг өөрсдийн мэдээлэл болон байршлаа баталгаажуулахаас татгалзвал улс төрийн холбогдолтой сурталчилгаа хийхийг нь хориглох. Түүнчлэн баталгаажсан хаягуудын ард хэн төлбөр төлж сурталчилгаа хийлгэж байгааг ил тод байдлаар бусад хүмүүст мэдэгдэх зэрэг арга хэмжээ авна. Эдгээр алхмуудыг одоогийн байдлаар АНУ-д хэрэгжүүлээд эхэлчихсэн бөгөөд ирэх саруудаас бусад улс орнуудад хэрэгжиж эхлэх болно гэдгийг Марк Зукерберг дурджээ.

Дээрх алхмуудаас гадна улс төрийн холбогдолтой сурталчилгааны ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд пэйж дээрх бүх зар сурталчилгааг харах боломжтой болгох төдийгүй тухайн пэйж дээр өмнө нь тавигдаж байсан зар сурталчилгаануудыг бүгдийг нь архивлан харах боломжтой хайлтын системийг хөгжүүлж байгаа юм байна.

Хоёрдугаарт, томоохон пэйжүүдэд ч мөн өөрсдийн мэдээллээ баталгаажуулах шаардлага тавина гэдгээ мэдэгдсэн байна. Ингэснээр хуурамч хаяг ашиглан пэйж хуудас ажиллуулах, түүгээрээ дамжуулан хүмүүст буруу ташаа мэдээлэл түгээх явдлаас сэргийлнэ гэжээ. Эдгээр арга хэмжээнүүд нь асуудлыг нэг мөр шийдэхгүй ч 2016 онд ОХУ хуурамч хаягууд болон пэйж ашиглан ухуулга хийж байсан явдлыг дахин давтагдахаас сэргийлнэ гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.