Ж.АМАРБОЛД, Г.ХЭРЛЭН НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Туркийн Анталья хотын гран при тэмцээний 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Дашдаваагийн Амартүвшин, Жагваралдоржийн Амарболд нар зодоглож “А” хэсэгт багтлаа. Улмаар монголын хоёр жүдоч хэсгийн аваргын төлөөх барилдаанд хоорондоо таарсан юм. 2017 оны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Д.Амартүвшин гавьяатыг ялж түрүүлсэн байсан тэрбээр ийнхүү жилийн дараа Туркийн Гранприд цэвэр ялж хэсгийн аварга болсон юм.

Гэвч Ж.Амарболд хагас шигшээд Гүржийн жүдочид ялагдсанаар хүрэл медалийн төлөө тунасан юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдааныг тэрбээр Тайваний тамирчин Ян Юн Вэйтэй хийж хүрэл медаль хүртсэн юм. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ж.Амарболд Гранпри тэмцээнээс анхны медалиа хүртсэн нь энэ. Тэрбээр жилийн өмнө Тбилисийн Гранприд шагналт долдугаар байр, Туркийн Гранприд шагналт тавдугаар байрт тус тус шалгарсан бол энэ жил амжилтаа ахиулж анхны медалиа зүүлээ.

Тэгвэл мөн тэмцээний 66 кг-д өрсөлдсөн Ганболдын Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж, Монтенегро, Бразил, Францын жүдочдыг цэвэр ялан хагас шигшээд шалгарсан ч Молдавын жүдочид дийлдсэнээр хүрэл медалийн төлөө тунасан юм. Улмаар Г.Хэрлэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Йелдос Жумакановыг г вазари үнэлгээгээр ялж, медалийн тавцанд зогслоо. Тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.

73 кг-ын жинд барилдсан Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар нар хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн.

Тэмцээний сүүлийн өдөр 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар барилдана. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан бөгөөд Туркийн гранпри тэмцээнээс эхлэлээ тавьж байна.