Санал асуулгыг энэ сарын 13-ны өдрийг дуустал иргэдийн дунд цахим хэлбэрээр явуулна

Хаврын авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авто машины дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох асуудлаар иргэдийн дунд гуравдугаар сарын 28-наас эхлүүлсэн санал асуулга явагдаж байна. Одоогоор зөвхөн Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудсан дахь санал асуулгад 8000 гаруй хүн оролцсоноос 60 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжихгүй байна гэдгээ илэрхийлжээ.

Нийслэлд зөвхөн ганц гүүрэн гарц барихын тулд дугаарын хязгаарлалт хийхээр санал асуулга явуулаагүй гэдгийг албаны эх сурвалжууд тайлбарлаж байгаа. Тэгвэл автозам, гүүрнээс гадна автозам дагуух инженерийн шугам сүлжээний томоохон бүтээн байгуулалтууд ч өрнөх юм байна. Тухайлбал Улаанбаатар хотод энэ онд гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 33.8 км авто зам, 3185 урт метр гүүр барина. Тэгвэл замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 7 байршилд түр зам гаргаж байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт өрнөх зуур автомашины улсын дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож , автомашины хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд сийрүүлэх үү эсвэл хуучин дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд оролцох уу гэдэг асуудал иргэн таны сонголтод үлдлээ. Санал хураалт Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудсаар энэ сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.

Санал асуулгад хамрагдах холбоос руу энд дарна уу…

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn