Монгол, Швейцарь улсын дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчино

Манай улсад Швейцарийн холбооны улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис албан ёсоор айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр /2018.04.05/ хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих боломж нээгдлээ. Мөн Швейцарь улсад хууль бусаар, зөвшөөрөлгүй амьдарч байгаа монголчуудыг нутаг руу нь буцаах ажлыг албажуулахаар болжээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 54 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагаа нь анх 2001 онд зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах зорилгоор хүмүүнлэгийн тусламжаар эхэлж, 2004 оноос хойш хөгжлийн хөтөлбөр болон өргөжиж, 2016 он хүртэлх хугацаанд нийт 100 сая швейцарь франкийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Тэгвэл Швейцарийн холбооны улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассисын хэлснээр 2018-2021 оны хооронд хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, засаглалын шинэтгэл гэсэн чиглэлийн хүрээнд швейцарийнн хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг 51.5 сая швейцар франкаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Мөн сайн засаглал, мэргэжлийн боловсрол, сургалт болон хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлийн төсөлд гол анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм. Айлчлалын үеэр гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийж, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцжээ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn