“Эрдэнэс-таван толгой” хувьцаат компани Хөгжлийн банкны 100 сая ам.долларын өрөө төллөө

“Эрдэнэс-таван толгой” хувьцаат компани Хөгжлийн банкны 200 сая долларын зээлийнхээ 50 хувийг төлж барагдуулжээ. Харин үлдэж байгаа 100 сая төгрөгийн зээлээ ирэх оны эхний улиралд багтаан төлөх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ингэснээр Монгол улсын иргэн бүр Эрдэнэс таван толгой компанийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашигийг хүртэх боломж бүрдэх нэг үндэс болж байна.

“Эрдэнэс-таван толгой” хувьцаат компани нь төлөөлөн удирдах зөвлөлийнхөө шийдвэрийн дагуу хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлийнхээ 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдуулаад байна. Ингэснээр компани дотоодод үлдсэн өрийнхөө 50 хувийг төлж барагдуулаад байна.

Уг нь 200 сая ам.долларын зээл нь Монгол улсын засгийн газрын 2012 оны шийдвэрээр “Хүний хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон эх орны хувь хишиг нэртэй халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор “Эрдэнэс-таван толгой” хувьцаат компанид олгосон зээл юм. Өнгөрсөн гуравдугаар сард тус компани БНХАУ-д төлөх ёстой 350 сая ам.долларынхаа төлөлтийг бүрэн барагдуулснаар гадаад талдаа ямар ч өр төлбөргүй болсон. Ийнхүү ирэх оны хавар гэхэд компаний үлдсэн 100 сая долларын өрийг Хөгжлийн банкинд төлж дуусвал иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны ногдол ашиг олгож эхлэх боломж бүрдэх юм.