Voice шоуны авьяаслаг хөгжимчид

Монгол телевизээс зохион байгуулж буй “The Voice of Mongolia” шоу эхэлснээс хойш бид бүгдээрээ бүтэн сайн өдрийг бүтэн жаргалтай өнгөрүүлж байна. “Хаалгач” залуугаас эхлээд л хөтлөгч, шүүгч, тайз засалт, зохион байгуулалт гээд дэлхийн жишигт нийцсэн, хамгийн олон үзэгчтэй, хамгийн алдартай шоу нэвтрүүлгийг Монголд энэ түвшинд зохион байгуулж байгаа нь үзэгч та бүхний таашаалд нийцэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.“The Voice of Mongolia” шоуны хамгийн сонирхолтой, хамгийн ихээр хүлээлт үүсгээд байсан “Халз тулаан”-ны шат эхлээд байгаа энэ үед шоуны хамгийн том, бас хамгийн чухал нэгэн бүрдэл хэсэг болох амьд хөгжмийн хамтлагийнханыг танилцуулахаар бэлтгэлээ. Мэдээж дэлхийн хэмжээний шоу, тэр дундаа дууны шоу учраас бидний чихэнд хүрч тэр гайхамшигтай, давтагдашгүй мэдрэмжүүдийг өгөхөд хамгийн гол үүрэгтэй хүмүүс бол хөгжимчид байдаг. The Voice шоу 2010 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн 62 оронд амжилттай зохион байгуулагдаж дэлхийд алдартай томоохон шоу нэвтрүүлэг болж чадсан юм. Тэр бүх цаг үед тус шоуны салшгүй нэгэн хэсэг, чимэг болсоор ирсэн зүйл бол амьд хөгжмийн хамтлаг байдаг. Улс орон бүхний шоунд тухайн улсдаа нэр нөлөөтэй, авьяас чадвараараа олонд хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийн гэсэн хэв маягтай чадварлаг хөгжимчид энэ бүрэлдэхүүнд багтдаг. Voice Mongolia шоуны хувьд ч гэсэн хамгийн чадварлаг хамтлаг тоглодогийг та бүхэн мэднэ биз дээ. Тэгвэл оролцогчдын ард хөгжмийн яруу эгшиг, төгс нийцлийг бидний зүрхэнд хүртэл цуурайтуулж чаддаг авьяаслаг хөгжимчид хэн байсан бэ?

Voice Mongolia шоуны дуу хөгжмийн продюсер, ерөнхий найруулагч С.Буянтөгс

Монгол телевизийн дуу хөгжмийн продюсер найруулагчаар ажилладаг С.Буянтөгс нь энэхүү шоуны чухалд тооцогдох ажлуудын нэгийг гүйцэтгэдэг. Тэрээр шоуны нээлттэй шалгаруулалтаас эхлээд эхний шатны оролцогчдын дууны сонголт оролцогчдын бэлтгэлийн явцад анхаарч, амьд хөгжмийн хамтлагтайгаа маш нягт хамтран ажиллаж байгаа. С.Буянтөгс нь ХБНГУ-ын Sae Institute Frankfurt сургуулийг 2014 онд Продакшн чиглэлээр Middlesex University London бакалаврын зэргийг хамгаалж байсан. Тэрээр Герман улсад байх хугацаандаа Театрын техникийн найруулагчаар ажиллаж байсан бөгөөд пост рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг Good morning, Fridge buzz , мөн Vatanabe нэртэй хоёр ч амьд хөгжмийн хамтлагт дуучин, хөгжмийн зохиолчоор ажиллаж байжээ. Түүний хамтлаг бие даасан хоёр ч цомгийг бүтээснээс гадна томоохон хамтлагуудын хамтаар маш олон аялан тоглолтуудыг хийж байжээ. Харин тэрээр 2014 онд Монголд ирсэн даруйдаа Монгол телевизийн дуу хөгжмийн продюсер, найруулагчаар ажиллаж Авьяаслаг Монголчууд шоуны хоёр цувралын дуу хөгжмийн багийг удирдан ажиллажээ. Энэ хугацаанд М МUSIC хөгжмийн хөтөлбөрийг бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэдэг гэдгийг мэдэх бизээ. Харин тэрээр одоо Voice Mongolia шоуны амьд хөгжмийн хамтлаг, шоуны дууны хөгжимтэй холбоотой бүхий л ажлыг өөрийн багийн хамтаар хариуцан ажиллаж байна. Дашрамд сонирхуулахад тэрээр Voice Mongoliа шоуны турш тайлбар уншиж, хөтөлбөрийн турш та бүхэнтэй хамт байдаг.

Хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин Т.Мөнх-Оргил

Тэрээр 2004 онд АНУ-д Радфордийн Их сургуульд Хөгжмийн бизнес, хөгжмийн найруулагчаар төгссөн. Мөн Мэгистрийн их сургуульд Сонгодог гитарчинаар мастерын зэрэг хамгаалсан бөгөөд Нью-Йорк хотод гитарист аудио инженер гэсэн хоёр мэргэжлээр ажиллаж байсан. Т.Мөнх-Оргил нь эх орондоо 2012 онд ирээд White Arch студийн ерөнхий продюсераар ажиллаж байсан бол одоо “The Library Records”-ийн ерөнхий продюсераар ажиллаж байна. Дашрамд дуулгахад Т.Мөнх-Оргил нь таван удаагийн гриммийн шагналт дуучин Lauryn Hill-тэй АНУ-д аялан тоглолтоор явж байсан бөгөөд Brandon James, Matt Whitе зэрэг уран бүтээлч нартай америкийн 40 гаруй мужаар аялан тоглолтонд оролцож байсан түүхтэй авьяаслаг гитарчин билээ. Т.Мөнх-Оргил нь Voice Mongolia шоуны оролцогчдын хөгжмийн найруулга дээр томоохон үүргийг гүйцэтгэж шоуны хөгжмийн ерөнхий найруулагч С.Буянтөгстэй нягт хамтран ажилласан юм. Түүнийг үзэгч олон Ардын жүжигчин Н.Сувд гуайн хүү, мөн дуучин Т.Бат-Оргилын дүү гэдгээр нь мэдэх биз ээ.

Хамтлагийн даралтат хөгжимчин Э.Доржсүрэн

Э.Доржсүрэн буюу Дона нь энэ багт маш том үүргийг гүйцэтгэн ажилласан. Тэрээр Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид элсэн хөгжим судлаач, хөгжмийн зохиолч мэргэжлээр 2007 онд төгссөн. Энэ хугацаанд дан болон цөөхүүл хөгжмийн зохиолууд, мюзикл, дууны хөгжмөөс гадна хэд хэдэн уран сайхны киноны хөгжим бие даан бичжээ. 2005 оноос дуу бичлэгийн студи, продакшны ажилд дурлан Монголын рок, попын олон хамтлаг, дуучидтай хамтран ажилласан туршлагатай. Тухайлбал тэрээр “Тэнгэрийн ивээл”, “Сонголт”, “Амьдрал” төсөл гэх мэт маш олон киноны туслах хөгжмийн зохиолч найруулагчаар мөн монголын рок, поп дуучдын 100 гаруй дууны хөгжмийн найруулга дээр ажилласан гээд тоочиж болох юм. Тэрээр “Зүрхний хилэн”, “Манан будан” гэх мэт томоохон зохиолуудыг бичсэн Төрийн шагналт Соёлын гавьяат зүтгэлтэн их романч З.Пүрэв гуайн ач хүү юм байна.

Бөмбөрчин М.Өнөрбаяр

“Lemons” хамтлагийн бөмбөрчин М.Өнөрбаяр буюу “Өөжгий” энэ багийн бөмбөрчнөөр ажиллаж байгааг үзэгчид маань анзаарсан биз. Тэрээр 2002 оноос бөмбөрийг бие даан сурсан. Тэрээр хамтлагтайгаа нэгдсэнээс хойш “Red album”, “Залуу Ленин” “The Lemons III” зэрэг цомгууд гаргасан. Өөжгий маань аавынхаа хамтлагийн бэлтгэл дээр 5 настайдаа ирж анх бөмбөр хөгжимтэй танилцаж байсан гэдэг. Түүний хүүхэд насны мөрөөдөл аав шигээ мундаг гитарчин болох байжээ. Арван жилээ төгсөөд бөмбөр тоглож эхэлснээс хойш мэргэжлийн хөгжимчин болох гараагаа эхэлсэн. Тэрээр Lemons хамтлагт нэгдсэнээсээ хойш монголын урлагийн салбарт эргэлт буцалтгүйгээр орж энэ хамтлагийн бие даасан гурван цомог, 30 гаруй уран бүтээл дээр ажиллажээ. Lemons хамтлаг 2007 онд Пентатоник наадмын гурван төрөлд шагнал хүртэж байжээ.

Басс гитарчи Б.Оюунболд

Басс гитарчин Б.Оюунболд 1988 онд Улаанбаатар хотод төрсөн.Урлах Эрдэм” дээд сургуулийг Интерьер-Экстерьер дизайнер мэргэжлээр төгссөн. Don Art interior concept-д уран бүтээлчээр ажиллаж байгаа. Анх 2004 онд гитар хөгжим бие даан сурсан бөгөөд 2006 оноос хойш басс гитараар мэргэшин суралцаж, урлаг соёлын салбарт хүчин зүтгэж иржээ. Б.Оюунболд нь одоогоор “Swing round”, ”Greenwood” болон “Шар айраг” хамтлагт аргил гитарчинаар ажиллаж байна.

Ритм гитарчин Ж.Батжаргал

Ритм гитарчин Ж.Батжаргал нь 2010 оноос хойш Radar хамтлагт гитарчинаар ажиллаж байсан бөгөөд тэр цагаас хойш дуу хөгжмийн салбарт оржээ. Тэрээр Авьяаслаг Монголчууд шоуны амьд хөгжмийн хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж олон арван авьяаслаг залуусын үзүүлбэрт гар бие оролцож байсан.