Нэр бүхий телевизүүд ёс зүйн алдаа гаргажээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн радио, телевизийн ёс зүйн хорооны ээлжит хуралдаан болж, хоёр телевизэд хаяглан ирүүлсэн нэг иргэний болоод бизнесийн байгууллагын гомдлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэжээ.

МХМЗ-д иргэнээс С1 телевизээр нэвтрүүлсэн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн ээлжит дугаарт гомдол ирүүлжээ. Тухайн иргэн өөрийнх нь хувийн мэдээлэл, зургийг зөвшөөрөлгүй цацсан, гарын үсэг гэж хуурамч баримт үзүүлсэн зэрэг нь ор үндэсгүй гүтгэлэг, нэр төрд нь халдсан явдал гаргасан гэжээ. Энэ гомдлын дагуу ёс зүйн хороо авч хэлэлцээд С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн ээлжит дугаар хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2 ,1.6 ,1.8 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.

Мөн ХМЗ-д “Эмээлт зах” ХХК-аас Royal телевиз “Халуун цэг” мэдээллийн хөтөлбөрөөрөө “Хятадуудын гарт монгол адуу тамлагдаж байна” сурвалжлага бэлтгэн давталттайгаар нэвтрүүлэхдээ бодит байдлыг нягтлалгүйгээр бизнесийн нэр хүндэд нь халдсан гэж тус компани үзжээ. Энэ гомдлыг ёс зүйн хороо авч хэлэлцээд дээрх сурвалжлагыг бэлтгэхдээ мэдээллийг баталгаажуулаагүй, мушгин гуйвуулж, агуулгыг буруугаар ойлгуулсан, эх сурвалжийг дурьдаагүй төдийгүй баталгаатай эсэхийг нягтлаагүй, баталгаагүй мэдээлэл ашигласнаа илэрхийлээгүй, үзэл бодлоо оруулж, дүгнэсэн, нэр хоч өгч “хятадууд, хужаа” гэсэн үгийг олон давтаж хэрэглэсэн нь мэдээллийг дэвэргэсэн, хөөргөсөн байна гэж үзжээ. Улмаар Royal телевизийн дээрх сурвалжлага нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2 , 1.3 , 1.5 , 1.6 ,3.2, 4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна. Тиймээс дээрх телевизүүдэд олон нийтэд түгээж байгаа нийтлэл, мэдээлэлдээ сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээ болох ёс зүйн зарчмыг баримтлан ажиллах, гомдол гаргасан этгээдээс уучлал хүсч, залруулга гаргахыг ёс зүйн хорооноос зөвлөжээ.

Б.Хулан