Жорлон нь бие засах зориулалт бүхий хүчитгэсэн буюу бетонон доторлогоотой байх стандарттай

-Нүхэн жорлон нь хүний өтгөн, шингэн ялгадсыг хуримтлуулж зайлуулах стандарттай-

Манай улсад 2015 онд нүхэн жорлон, угаадасны нүхний стандарт батлагдсан байдаг. Энэ стандартын дагуу нүхэн жорлонг тав тухтай орчинд бие засах зориулалт бүхий хүчитгэсэн буюу бетонон, энгийн доторлогоотой, тооцоолсон эзлэхүүнтэй нүхэнд хүний өтгөн, шингэн ялгадсыг цуглуулах, хуримтлуулж зайлуулах шаардлага хангасан хийц бүхий байгууламж гэж заасан байдаг.

Мөн нүхэн жорлонгоос үүдэх хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд жорлонг дүүргэж байгаа ялгадсыг эдийн засгийн ашигтай түүхий эд гэж харж сэтгэх хэрэгтэй. Энэ чиглэлээр гадны туршлага байгаа учраас манайд лаг, ялгадсыг боловсруулж бордоо болгох технологи зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

-Нийт хүн амын дунд сайжруулсан жорлонгийн талаарх мэдээлэл дутмаг байна-

Өдийг хүртэл яагаад иргэд айл өрхүүд жорлонгоо сайжруулаагүй шалтгааныг жорлон, хөрсний бохирдлын талаарх иргэд олон нийтийн боловсрол тааруу байсантай мэргэжилтнүүд санал нэгдэж байна. Тиймээс БОАЖЯ-наас стандартын дагуу жорлонгийн шийдэл, технологийг нэгтгэсэн мэдээллийн санг бүрдүүлж иргэдэд энэ төрлийн гарын авлага бусад мэдээллийг бэлтгэн хүргэхээр бодлогын түвшинд ажиллаж байгааг онцоллоо.

-Сайжруулсан жорлонгийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах хэрэгтэй-

Өдөр тутмын амьдрал, хүний эрүүл амьдрах эрхтэй салшгүй холбоотой жорлонгийн асуудлыг шийдэхэд иргэд, олон нийтийн санаачлагаас эхлээд улс төрийн манлайлал хүртэл дуугарах хэрэгтэйг “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгийн оролцогчид хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн талаар хэлэлцэх үеэрээ онцолсон юм.

Б.Хулан