АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГИЙН ТАВ ДАХЬ ТОГЛОЛТУУД ДУУСЛАА

ТИАНЖИН КУАНЖИАН ДАРААГИЙН ШАТНЫ БОЛЗЛОО ХАНГАЛАА

Азийн Аваргуудын лигт анх удаа оролцож байгаа Хятадын Тианжин Куанжиан баг хэсгээс шалгарах болзлоо хангалаа. Тэд Диего Форлан тэргүүтэй Хонконгийн Китчи багийн талбайд зочилж тоглолтын төгсгөлд Франц хөл бөмбөгчин Энтони Модестегийн оруулсан гоолоор 1:0-ийн харьцаатай хожсон байна. Тианжин Куанжиан баг өнгөрсөн зуны цонхоор Бельги хөл бөмбөгчин Аксел Вицел, Бразил тоглогч Александре Пато, Франц довтлогч Энтони Модесте зэрэг Европын багуудад тоглож байсан алдартай хөл бөмбөгчдийг багтаа нэгтгэж байлаа. Тэд 2016 онд Хятадын хоёрдугаар дивизионд түрүүлж, өнгөрсөн жил Супер лигт гуравдугаар байр эзэлснээр Аваргуудын лигт анх удаа хөл тавьсан юм. Улмаар урьдчилсан плэй офф шатанд ялж, хэсгийн таван тоглолтын гуравт нь хожсоноор ийнхүү шилдэг 16-д үлдлээ. Энэ тоглолтын 89 дэх минутанд цорын ганц хожлын гоолыг Энтони Модесте орууллаа. Ийнхүү Диего Форланы баг дөрөв дэхээ хожигдож, Аваргуудын лигийг үргэлжлүүлж чадахгүй нь тодорхой болсон юм.

И ДОН ГУК ГООЛ ОРУУЛЖ ЧОНБУК МОТОРС ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА

“И” хэсгийн нөгөө тоглолт Солонгосын аварга Чонбук Моторс, Японы Кашива Рейсол багуудын хооронд болсон юм. Энэ тоглолтонд Солонгосын багийн Бразилын хөл бөмбөгчин Рикардо Лопес, Солонгос довтлогч И Дон Гук нар гоол оруулж Чонбук Моторс дөрөв дэх ялалтаа байгууллаа. Хоёр баг өмнө нь хэсгийн эхний тоглолтоо хийхэд И Дон Гук хоёр гоол оруулж 3:2-оор Чонбук Моторс хожиж байлаа. И Дон Гук хэсгийн таван тоглолтын гуравт нь дөрвөн гоол багтаа авчирлаа. Тэд 12 оноотой дараагийн шатны эрхээ авсан. Харин Кашива Рейсол дөрвөн оноотой үлдэж дараагийн шатанд шалгарч чадахгүй нь тодорхой боллоо. Гэхдээ Чонбук Моторс сүүлийн тойргоос оноо авч байж хэсгийн тэргүүллээ хадгална.