АРСЕНАЛ, ЦСКА БАГУУД ЭХНИЙ ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Тэгвэл Улаанбаатарын цагаар өнөөдөр шөнө Европа лигийн дөрвөн тоглолт нэгэн зэрэг явагдана. Английн Арсенал клуб талбайдаа Оросын ЦСКА Москва багийг хүлээн авч эхний тоглолтоо хийх болно. Арсенал клуб одоо хойд Лондонгийн өрсөлдөгч Тоттенхэмээс 13 оноо дутуу Английн Премьер лигт зургаад бичигдэж байгаа. Өөрөөр хэлбэл ирэх улиралд Аваргуудын лигт оролцох ганц бодит боломж нь Европа лигт түрүүлэх юм. Бас сүүлийн 20 гаруй жил хүлээсэн Европын тэмцээний аваргын цомоо өргөхийг хүсч байгаа. Арсенал өмнөх шатанд Италийн алдарт Милан клубыг эхлээд 2:0, нийлбэр дүнгээр 5:1-ээр ялсан. Арсенал сүүлийн дөрвөн тоглолт дараалан хожоод байгаа. Мөн ЦСКА Английн багуудын эсрэг хийсэн сүүлийн таван тоглолтонд хожигдсон гээд таатай үзүүлэлтүүд Арсеналын талд байна. Гэхдээ хоёр баг хамгийн сүүлд 2007 онд тоглоход гоолгүй тэнцэж байлаа.

 

АРСЕНАЛЫН МЕНЕЖЕР АРСЕН ВЕНГЕР:

“Бидэнд энэ тэмцээнд сайн оролцох ёстой гэсэн давхар давхар хариуцлага, дарамт бууж байгаа. Премьер лигт зургаад бичигдэж байгаа гэдэг ч үүний нэг хэсэг. Гэхдээ бид ч үүнийг харгалзан үзэж боломжоо ашиглах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Энэ бол бидний багийн тоглолт хэр байна, тоглолтын чанар хэр байна гэдэг дээр анхаарах ёстой гэсэн үг. Тэгэж чадвал мэдээж үр дүн сайн гарна.”

АРСЕНАЛЫН ХАГАС ХАМГААЛАГЧ ХЕНРИХ МХИТАРЯН:

“Бид Европа лигийн тоглолтонд бүх анхаарал, хүч чадлаа зориулаад байгаа юм биш. Английн лигт бидэнд долоон тоглолт дутуу байна. Бүгдэд нь хожих хэрэгтэй. Хэдийгээр бид Премьер лигт зургаад бичигдэж байгаа ч найдвар тасарсан гээд зүгээр орхиж болохгүй. Үлдсэн тоглолтууддаа чадах бүхнээ хийж, Европа лигт ч хичээх хэрэгтэй.”