Монгол Улсын эдийн засаг 12 мянга гаруй гадаадын ажиллах хүчнийг шингээнэ

Энэ тоо давсан гэж судлаачид үзэж байна

Б.Ширнэн

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заажээ.

Тэгвэл энэ сарын 1-ний өдрийн байдлаар

  1. Монгол Улсын хүн ам 3.119.935 байгаа нь 93600 гадаадын иргэн манай улсад оршин суух боломжтой гэсэн үг юм.
  2. Тэгвэл энэ сарын 1-ний өдрийн байдлаар 117 орны нийт 25003 буюу манай улсын хүн амын 0.8 хувьтай тэнцэх гадаадын иргэн оршин сууж байна.
  3. Харин эдгээр иргэдийн 10179 нь хөдөлмөр эрхлэгч, 1842 нь суралцагч, 3146 нь хөрөнгө оруулагч, 569 нь албан хэргээр оршин сууж байгаа бол 7301 нь бусад шалтгаанаар оршин сууж байна гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлсэн байна.

Мөн манай улсын хилээр жилд нэг сая гаруй гадаадын иргэн орж, гардаг байна. Гадаадын иргэн, харьяатын газрын эрхлэн хөтөлдөг тоон мэдээллээс харахад тэдний 70 орчим хувийг жуулчид эзэлдэг бол жилд дунджаар Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 20 мянга орчим гадаадын иргэн оршин сууж байна.

Тэдгээр оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн дийлэнх нь ажиллах хүч бөгөөд Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт буурч, дэд бүтцийн ажил бага хийгдэж буйтай холбоотойгоор гадаадаас оруулж ирэх ажиллах хүчний тоо буурсан байна.

Хэдийгээр гадаадын ажиллах хүчний тоо ь хуульд заасан хэмжээндээ багтаж байгаа, мөн Гадаадын иргэн, харьяатын газраас ажиллах хүчний тоо багассан гэж мэдээлсэн ч эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа гэж судлаачид үзэж байна.

Мөн гадаадын иргэн, аж ахуй нэгжүүдэд хамаарах хуулийг шинэчлэх болоод манай улсад иргэд гадаадад хараар ажиллаж байгааг зохицуулах хууль, эрхзүйн шинэчлэл хийх цаг болсон гэж судлаачид олон улсын хэлэлцүүлгийн үеэр санал нэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 630 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 120 гаруй хуульд гадаадын иргэн, аж ахуйн нэгж, тэдгээрийн эрх, үүрэг, эрхэлж болох үйл ажиллагаа, хориглосон заалтыг тусгайлан хуульчилсан байдаг байна.