ЭУСЕБИО ДИ ФРАНЧЕСКО: ШҮҮГЧ БАРСЕЛОНАГИЙНХАНД ИХ ТУСАЛЛАА

Урьд шөнө болсон аваргуудын лигийн нөгөө тоглолтонд Барселона 4:1-ээр талбайдаа хожсон юм.

РОМАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ ЭУСЕБИО ДИ ФРАНЧЕСКО:

“Бидний хагас шигшээд шалгарах боломж их бага боллоо. Барселона бол сайн баг. Гэхдээ миний харахаар тэд шүүгчийн тусламж чамгүй авлаа. Шүүгчийн шийдвэрүүд эцсийн үр дүнд их нөлөөллөө. Тоглогчид маань хувийн алдаа гаргасан. Хүн ер нь алдаанаасаа л суралцдаг шүү дээ. Тэгээд ч Барселона шиг багийн эсрэг тоглоход хүссэнээ хийж чадахгүйд хүрдэг. Гэхдээ манай баг эхний хагаст сайн байлаа. Гэхдээ өөрийн хаалгандаа гоол оруулсан нь харамсалтай. Одоо харин талбайдаа хийх хариу тоглолтонд нэр төртэй, сайн байх ёстой. Мөрөөдлийнхөө төлөө хичээх болно. Хэдийгээр Барселона харьцангуй давуу талтай болсон ч бид бууж өгч болохгүй, хариу тоглолтыг сайн хийх хэрэгтэй.”

Тус тоглолтонд Ромагаас Даниел Де Росси, Костас Манолас гээд хоёр ч тоглогч өөрийнхөө хаалганд бөмбөг оруулсан.

Харин дараа нь Жерар Пикье, Луис Суарез нар Барселонад гоол авчирсан бол Ромагийн нэг гоолыг Эдин Жеко оруулсан юм.

 

БАРСЕЛОНАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ ЭРНЕСТО ВАЛЬВЕРДЕ:

“Бүх зүйл дуусчихаагүй байна. Тэд бол сайн баг. Хариу тоглолтонд ч түүнийгээ харуулахыг хичээнэ. Тэгэхээр биднийг дахиад амаргүй тоглолт хүлээж байгаа. Энэ үр дүн сайхан гарлаа. Гэхдээ бид шалгарчихлаа гэсэн үг биш шүү дээ”

Барселона 2013 оны есөн сараас хойш Аваргуудын лигийн 26 тоглолтонд талбайдаа хожигдоогүй үзүүлэлттэй байна.

БАРСЕЛОНАГИЙН ХАГАС ХАМГААЛАГЧ ИВАН РАКИТИЧ :

“Их зүйл шаардсан, өндөр түвшний тоглолтууд шүү дээ. Бид бага зэрэг ядарсан, эсвэл хамгийн сайн тоглолтоо гаргаж чадахгүй л бол ялагдана. Харин ялж чадвал маш их урам зоригтой болно. Аваргуудын лигийн энэ улирал их бэлтгэл шаардсан, амаргүй болж байна.”

РОМАГИЙН ХАГАС ХАМГААЛАГЧ ДИЕГО ПЕРОТТИ :

“Магадгүй энэ тоглолт 3:1-ээр дууссан бол бид талбайдаа хийх хариу тоглолтонд өөрсдөдөө хавьгүй итгэлтэй байх байлаа. Гэвч дөрөв дэх гоол бидний нүүрэн дундуур алгадах шиг л болсон. Гэхдээ бидэнд 90 минут бий. Бид өмнө нь үүнээс ч хэцүү нөхцөл байдлыг даваад л гарч байсан үе бий.”

Хариу тоглолт Улаанбаатарын цагаар ирэх долоо хоногийн мягмар гарагийн шөнө Ром хотод 02:45 минутаас эхэлнэ.