ЛИВЕРПҮҮЛ ТАЛБАЙДАА 3:0-ЭЭР МАНЧЕСТЕР СИТИГ ХОЖЛОО

Урьд шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд үргэлжилж Ливерпүүл талбайдаа Манчестер ситиг 3:0-ийн харьцаатай хожлоо.

ЛИВЕРПҮҮЛИЙН МЕНЕЖЕР ЮРГЕН КЛОПП:

“Хамгийн чухал зүйл бол үр дүн. Би төгс гүйцэтгэл, тоглолтыг багаасаа хүлээгээгүй. Гол нь хүчтэй өрсөлдөгч байхыг л зорьлоо. Бид ч чадлаа. Одоо 3:0-ээр тэргүүлж байна, мэдээж 3:0-ээр хожигдож байгаагаас хавьгүй дээр ч энэ бол эцсийн үр дүн бас биш гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Манчестер Ситигийн талбайд тоглоно, тэд онооны харьцааг эргүүлэхийг хичээнэ. Манчестер Ситигийнхэн муу тоглоогүй. Гол нь боломжуудыг ч тийм ч олон гаргаж чадсангүй, бас гаргаснаа ашиглаж чадсангүй. Учир нь манай хамгаалалт сайн байлаа. Трент, Робертсон, бас хагас хамгаалалтын гурав маань үнэхээр гайхалтай тоглолоо. Байрлалаа зөв эзэлж, бусдадаа тусалж, ер нь Манчестер Ситигийн эсрэг ингэж тоглохоо ч өөр аргагүй. Тэгээд эцсийн дүн нь 3:0. 1:0 эсвэл 2:0 биш шүү дээ. Гэхдээ дахин хэлэхэд энэ бол дөнгөж тал нь.”

Тоглолт эхлээд гучин минут өнгөрөхөд л Энфилд цэнгэлдэхийн эзэд хэдийн гурван гоол оруулчилсан байсан юм.

Английн багууд анх удаа Европын тавцанд хоорондоо таарсан. Мохамед Салах, Алекс Окслэйд-Чэмберлэйн, Садио Мане гэсэн тоглогчид гоол оруулсан юм.

МАНЧЕСТЕР СИТИГИЙН МЕНЕЖЕР ПЭП ГУАРДИОЛА:

“Тоглолтын эхлэл их чухал. Тэднээс баг ямар байгаа нь харагдана. Жаахан эмээсэн байна уу үгүй юу гээд л. Гэхдээ бид эхний 10, 15 минутанд сэтгэл зүй үнэхээр сайн байсан. Гэвч багахан удирдлагаа алдсан. Миний үзэж байгаагаар баг маань үнэхээр сайн байсан. Энфилдэд тоглох амаргүй л дээ. Эхний гоол бидний алдаанаас болж орсон бол дараа нь торгуулийн бүст хамгаалалт суларсан. Чэмбэрлэйний гоол гайхалтай байлаа. Харин хоёрдугаар хагаст бид сайн байсан ч бид боломж гаргаж чадаагүй. Учир нь тэд их татаж хамгаалж байлаа. Ядаж ганц гоол хэрэгтэй байлаа. Гэхдээ үлдсэн 90 минутанд хичээх болно.”

Английн Лигийн цомд түрүүлсэн, Премьер лигийн тэргүүлэгч Манчестер Сити энэ улирал трибль хийх мөрөөдөл нь тун бүрхэг болж байна. Хариу тоглолт ирэх долоо хоногт Этихад цэнгэлдэхэд явагдах юм.

Ливерпүүл Премьер лигийн улирлын эхэнд 5:0-ээр Манчестер Ситид ялагдаж байлаа. Гэхдээ Ливерпүүл энэ жил Аваргуудын лигийн өмнөх тоглолтуудад нийт 31 гоол оруулсан үзүүлэлтээр бусад багуудыг тэргүүлж байгаа. Тэд хамгийн сүүлд 10 жилийн өмнө Аваргуудын лигийн хагас шигшээд үлдэж байсан. Гэхдээ Челсид ялагдсан бол 2007 онд финалд үлдсэн, түүний өмнө 2005 онд алдарт Истабулын гайхамшгийг бүтээн түрүүлж байсан юм.