АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГ: НАЙМАН БАГ ДАРААГИЙН ШАТНЫ ЭРХЭЭ АВЛАА

 

АЛЬ ХАРАФА 2:3 АЛЬ ЖАЗИРА

Уэсли Снэйдер ахлагчтай Катарын “Аль Харафа” Доха хотноо АНЭ-ийн “Аль Жазира” клубыг хүлээн авч хэсгийн тав дахь тоглолтоо хийсэн. Талбайн эзэд энэ тоглолтонд заавал хожих ёстой байлаа. Гэвч 14 дэх минутанд гоол алдсан юм. Бразил хөл бөмбөгчин Ромариньо гоолын эзэн нь байлаа. Гэхдээ “Аль Харафа” эхний үед тоглолтыг эргүүлж чадсан юм. Энэ хоёр баг хэсгийн эхний тойрогт Абу Даби хотноо тоглоход 3:2-оор “Аль Жазира” хожиж байсан. Энэ өдөр ч мөн тэр дүн давтагдлаа. Эхний хагас 2:1-ээр дууссан ч хоёрдугаар хагаст Эмиратын багаас Али Мабхут хоёр гоол оруулсан юм. Үндсэн цаг 2:2-ийн харьцаатай дууссан. Хэрвээ тоглолт тэнцээгээр дууссан бол сүүлийн тойрогт бүх зүйл шийдэгдэх байлаа. Гэвч шүүгчийн сунгасан гурван минут дууссан хойно Аль Мабхутын оруулсан гоол талбайн эздэд ялалт авчирснаар тэд дараагийн шатны болзлоо хангалаа. Харин Уэсли Снэйдерийн баг сүүлийн тойрогт хожсон ч тэмцээнийг үргэлжлүүлж чадахгүй нь тодорхой болж байна.

АЛЬ АХЛИ 2:0 ТРАКТОР САЗИ

Иран болон Саудын Арабын таагүй харилцааны улмаас “Аль Ахли”, “Трактор Сази” багууд Азийн Аваргуудын лигийн хэсгийн тав дахь тоглолтоо АНЭ-ийн Аль Аин хотноо үзэгчгүй цэнгэлдэхэд хийсэн юм. Зуун хүний л өмнө болсон тус тоглолтын эхэнд Ираны багт торгуулийн цохилт хийх боломж олдсон ч ахлагч нь ашиглаж чадаагүй. Харин тоглолтын хоёрдугаар хагаст “Аль Ахли” багаас эхний гоолыг оруулж барьж үндсэн цаг 1:0—р дуусч шүүгчийн сунгасан хоёр дахь минутанд онооны харьцаа 2:0 болсон юм. “Аль Ахли” ийнхүү хоёр жил дараалан хэсгээс шалгарлаа. Тэд хоёр удаа Аваргуудын лигт шөвгөрч байсан түүхтэй.

*

АЛЬ ВАХДА 1:4 ЛОКОМОТИВ ТАШКЕНТ

Узбекистаны аварга Локомотив Ташкент АНЭ-ийн Абу Даби хотноо зочилж “Аль Вахда” багийн эсрэг тоглолоо. Локомотив заавал хожих ёстой тоглолт байсан. Узбек довтлогч Сардор Мирзаев тоглолтын эхний үед хоёр гоол дараалан оруулсан. Улмаар 4:1-ийн харьцаатай зочид энэ тоглолтонд хожсоноор гурав дараалан хожигдоод байсан цувралаа зогсоосон юм. Мөн сүүлийн тойрогт хожиж чадвал Аваргуудын лигээ үргэлжлүүлэх боломжтой боллоо.

ЗОБ АХАН 0:1 АЛЬ ДУХАЙЛЬ

“Би” хэсгийн нөгөө тоглолт Ираны Сепахан хотноо “Зоб Ахан”, Катарын “Аль Духайль ”багуудын хооронд болсон. Цагаан өмсгөлтэй “Зоб Ахан” багийнхан энэ тоглолтонд хожвол хэсгээс шалгарах болзлоо хангах байлаа. Гэвч тэдний хэд хэдэн аюултай довтолгоонууд бүтэлгүйтэж, харин эсрэгээрээ тоглолтын төгсгөлд хэсгийн тэргүүлэгчдээс Исмаел Мохаммад хожлын ганц гоолыг оруулж “Аль Духайль” 100%-ийн амжилтаа үргэлжлүүллээ. Өмнөх тойрогт дараагийн шатны болзлоо хангасан Катарын баг бүх тоглолтондоо хожсон 15 оноотой хэсгээ тэргүүлэх нь тодорхой болж “Зоб Ахан” сүүлийн тоглолтондоо хожигдох эрхгүй үлдлээ.

*

БУРИРАМ ЮНАЙТЕД 1:1 ГУАНЖОУ ЭВЕРГРАНД

Азийн хошой аварга “Гуанжоу Эвергранд” дараагийн шатны эрхээ авч хараахан чадаагүй байна. Хятадын аваргууд тав дахь тоглолтоо Тайландын лигийн аварга “Бурирам Юнайтед”-ийн эсрэг хийж эхлээд гоол оруулсан ч эцэст нь гоол алдсанаар тэнцсэн юм. Тоглолтын 20 дахь минутанд орсон гоолоор Гуанжоу Эвергранд үндсэн цаг дуустал хошуучилсан. Гэвч шүүгчийн сунгасан гурван минутын хоёр дахид нь Тайландын багаас Солонгос хөл бөмбөгчин Ю Жүн-Сү тоог тэнцүүлж тоглолт 1:1-ээр дууссан юм. Хоёр баг өмнө нь хэсгийн эхний тоглолтоо хийхэд ч мөн 1:1-ээр тэнцэж байсан. Одоо сүүлийн тойрогт бүх зүйл шийдэгдэнэ.

СЕРЕЗО ОСАКА 2:1 ЧЕЖҮ ЮНАЙТЕД

“Жи” хэсгийн нөгөө тоглолт Японы Осака хотноо болж “Серезо Осака”, Солонгосын “Чежү Юнайтед” багтай тоглосон. “Чежү Юнайтед” хожигдох эрхгүй байлаа. Хоёр баг өмнө нь хэсгийн эхний тоглолтоо Солонгост хийж байхад эцсийн мөчид Японы баг хожиж байсан юм. Харин энэ өдөр эхний хагаст талбайн эзэд хоёр бөмбөг оруулсан. Чежүгийн баг энэ зөрүүг арилгаж чадаагүй. Үндсэн цаг 2:0-ээр дуусч шүүгчийн сунгасан хоёр дахь минутанд зочид тоог ойртуулсан ч тэнцүүлж чадсангүй тоглолт 2:1-ээр дуусчээ. Ийнхүү “Чежү Юнайтед” Аваргуудын лигээ үргэлжлүүлэхгүй нь тодорхой боллоо. Харин “Серезо Осака” дараагийн шатны эрхийн төлөө сүүлийн тоглолтоо Тайландын аваргуудын эсрэг хийнэ.

*

ШАНХАЙ ШЕНХУА 2:2 КАШИМА АНТЛЕРС

“Эйч” хэсэгт Японы “Кашима Антлерс” Шанхай хотноо зочилж “Шанхай Шенхуа” багийн эсрэг тав дахь тоглолтоо хийлээ. Хоёр багийн өмнөх тоглолтын дөнгөж гурав дахь минутанд гоол оруулж байсан Хятадын багийн Колумб хөл бөмбөгчин Жиованни Морено энэ өдөр ч мөн эхний гоолыг торгуулийн цохилтоос оруулсан юм. Улмаар тэд 28 дахь минутанд булангийн цохилтоос 2:0-ийн харьцаатай хошуучилж эхэлсэн. Гэхдээ энэ тэргүүллээ хоёрдугаар хагаст хадгалж чадсангүй, дараагийн шатанд шалгарах найдвар тасарлаа. Японы багаас таван минутын зайтай хоёр гоол оруулж тоглолт 2:2-оор дууссанаар “Шанхай Шенхуа” Аваргуудын лигээс мултарлаа. Харин “Кашима Антлерс” есөн оноотой хэсгээ тэргүүлж дараагийн шатны болзлоо хангаад байна. Тэд сүүлийн тоглолтоо хэсгийн тэргүүллээ хадгалахын төлөө Солонгосын Сувон Блювингсийн эсрэг хийнэ.

СУВОН БЛЮВИНГС 1:4 СИДНЕЙ

Хэсгийн нөгөө тоглолт БНСУ-ын Сувон хотноо “Сувон Блювингс”, Австралийн “Сидней” багуудын хооронд болсон. Тоглолтын 23 дахь минутанд зочин багаас Серби хөл бөмбөгчин Милош Нинкович ухаалаг тоглолтоороо тоог нээсэн ч минутын дараа Солонгосын багийн Монтенегро довтлогч Деян Дамьянович тэнцүүлсэн юм. Солонгосын баг хожвол дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авна. Харин Австралийн баг хожиж байж хэсгээс шалгарах боломжоо хадгалан үлдэх байлаа. Тэд зорьсондоо хүрсэн. Сувон хотын баг дахин гоол оруулсангүй, эхний хагас 2:1, үндсэн цаг 4:1-ээр дууссан юм. Ингэснээр энэ хэсгээс шалгарах үлдсэн нэг эрхийн төлөө хоёр багийн аль аль нь сүүлийн тойрогт хожих хэрэгтэй болж байна.

Мэдээллийн эх сурвалж:

http://aptn.com/

Фото эх сурвалж:

http://www.the-afc.com/competitions/afc-champions-league/

Видео эх сурвалж:

https://www.youtube.com/user/AFCCHAMPIONSLEAGUE