Нийслэлийн долоон байршилд түр замуудыг ашиглалтад оруулна

Хаврын авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 63 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, нийт 43.5 км зам, 3185 м урт гүүр барихаар төлөвлөсөн. Эдгээр ажилд Замын цагдаагийн газрын орчимд баригдах 470 м гүүрэн гарц, Улиастайн гүүрнээс Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам, Туул гол дээгүүр шинээр баригдах гүүр, Сонсголонгийн 289 м урт гүүрийн ажил тус тус багтжээ. Мөн нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй газарт явган хүний гүүрэн гарц, тээврийн хэрэгслийн гүүрэн гарц байгуулахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэх Замын цагдаагийн газрын орчимд баригдах 470 м гүүрэн гарцыг барихын тулд тухайн орчмын замыг тодорхой хугацаанд хаахаар болжээ. Ингэхдээ энэ үеэр тус замаар зорчдог жолооч нарт зориулж, долоон байршилд түр зам барих юм байна. Тухайлбал:

  1. Махатма гандигийн гудамжийг нарны замтай холбох 0.41км түр зам
  2. Махатма гандигийн гудамж – Нийслэл хүрээ өргөн чөлөө – Хүннү 222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7 км түр зам
  3. Рапид харш хорооллын авто замыг Нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15 м зам
  4. Махатма гандигийн гудамж – Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53 км түр зам
  5. Нийслэл хүрээ өргөн чөлөө – Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32 км түр зам
  6. Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр хүртэлх 0.32 км авто зам
  7. Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14км авто зам барих аж.

Одоогоор зарим зам чөлөөлөх ажлыг эхлүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 15 гэхэд Замын цагдаагийн газар орчмын замыг бүрэн хааж, түр замуудыг ашиглалтад оруулах юм байна. Хэдийгээр нийслэлийн долоон байршилд түр зам барьж, иргэд 10-р сар хүртэл энэ замаар зорчих ч гэлээ цаашид эдгээр замуудыг байнгын болгох талаас нь холбогдох байгууллагууд судалж байгаа талаар Нийслэлийн авто зам, хөгжлийн газраас мэдээлсэн юм.

Шинээр баригдах түр замын байршлын зургийг хавсаргав.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn