Боливын лигийн тоглолтыг бөмбөг зуусан нохой саатуулжээ

Боливын хөл бөмбөгийн лигийн тоглолтын үеэр бөмбөг зуусан нохой талбайд нэвтэрч тоглолтыг зогсоосон байна. Энэ бол Боливын лигийн 13-р тойрогт болсон Блүүминг болон хүснэгтийн сүүл мушгиж байгаа Насьонал Потоси багуудын тоглолт байлаа. Тоглолтын эхний хагасын буюу 37 дахь минутанд талбайд орж ирсэн нохой цагдаагийн албаных байжээ. Шүүгч тоглолтыг зогсоож багагүй хөөцөлдсөний эцэст Блүүминг багийн тоглогч Алехандро Күйнтана барьсан байна. Тоглолт ийнхүү саатахын өмнө тааруухан амжилттай яваа Насьонал Потоси баг 2:1-ээр хожиж байсан ч үүнээс хойш дараалан гурван гоол алдаж 4:2-ийн харьцаатай Блүүмингийн ялалтаар тоглолт өндөрлөжээ.