ӨНӨӨДӨР ШӨНӨ АВАРГУУДЫН ЛИГИЙН ШӨВГИЙН НАЙМЫН ТОГЛОЛТУУД ЭХЭЛНЭ

Өнөөдөр шөнө ЕХБХ-ны Аваргуудын лигийн шилдэг найман багийн тоглолтууд эхэлнэ. Италийн Турин хотноо “Ювентус”, “Реал Мадрид” багууд тоглох юм. Хоёр баг Аваргуудын лигийн өнгөрсөн улирлын финалд тунаж тоглоход 4:1-ээр Италийн баг хожигдож байлаа. Өөрөөр хэлбэл “Ювентус” өнгөрсөн жил түүхэндээ ес дэх удаагаа финалд үлдсэн ч долоо дахь удаагаа бүтэлгүйтсэн юм.

 

 

Энэ удаагийн тоглолтонд “Ювентус”-ээс Мехди Бенатиа, Миралем Пьянич нар торгуулийн улмаас оролцох боломжгүй.

“ЮВЕНТУС”-ЫН ХАМГААЛАГЧ ЖИОРЖИО КЕЛЛИНИ:

“Энэ бол хариугаа авах тоглолт биш ээ. Өнгөрсөн жилүүдэд энэ олон хүчирхэг багийн эсрэг сайхан, муухай дурсамжууд бидэнд бий. Ер нь Аваргуудын лигт түрүүлэхийн тулд заавал Барселона, Реал Мадрид, Байерн Мюнхен багуудыг хожих шаардлагатай болдог. Гайхалтай нь бидэнд тэдний эсрэг сайн тоглосон үеүд ч бий. Харамсалтай нь гэвэл хэдхэн сарын өмнөх Кардифф хотын тоглолт. Гэхдээ бид энэ бүхнийг мартаад дахин цааш үргэлжлүүлж, өөрсдийн чадвараа харуулах хэрэгтэй. Бид маргааш дахиад шилдгүүдийн эсрэг тоглох гэж байна.”

“ЮВЕНТУС”-ЫН МЕНЕЖЕР МАССИМИЛИАНО АЛЛЕГРИ:

“Ювентус энэ жил ч сүүлийн жилүүдийн адил сайхан улирлыг өнгөрөөж байна. Маргааш бид Аваргуудын лигийн хоёр чухал тоглолтын эхнийхийг нь хийх гэж байгаа. Өрсөлдөгчид маань 1996 оноос хойш ч Аваргуудын лигт оролцож байгаа баг. 2011 оноос хойш наанадаж л хагас шигшээд шалгарч байгаа шүү дээ. Тиймээс бид тэднийг мулталж чадвал гайхалтай амжилт, нэр төрийн хэрэг байх болно. Тэднийг Аваргуудын лигийн цом горилогч хүчтэй багуудын нэг гэдгийг мэдэж байгаа ч бид ч тэдэнтэй ижил түвшний тоглолттой, тэмцээнд түрүүлэх хүсэл сонирхолтой байх хэрэгтэй.”

ЕВРОПЫН ХАМГИЙН ОЛОН УДААГИЙН АВАРГУУД ТУРИНД ТОГЛОНО

 

Криштиану Роналду “Ювентус”-ын эсрэг таван тоглолтонд долоон гоол оруулчихаад байгаа. Хоёр баг хамгийн сүүлд Аваргуудын лигийн өнгөрсөн улирлын шигшээ тоглолтонд тунахад Роналду хоёр гоол Италийн багийн хаалганд оруулж байлаа. Роналду “Реал Мадрид”-ын төлөө сүүлийн найман тоглолт дараалан гоол оруулсан, тэрхүү найман тоглолтонд 17 гоол багтаа авчираад байгаа юм.

“РЕАЛ МАДРИД”-ЫН ХАГАС ХАМГААЛАГЧ ЛУКА МОДРИЧ:

“Ийм төрлийн тоглолтонд туршлага маш чухал, жижигхэн зүйл л тоглолтын үр дүнд нөлөөлдөг. Хоёр багаас маш өндөр түвшний тоглолт шаардаж, багахан алдаа гаргахад л өрсөлдөгчиддөө ялалт байгуулах боломжийг бий болгох нь бий.”

 

“РЕАЛ МАДРИД”-ЫН МЕНЕЖЕР ЗИНЕДИН ЗИДАН:

“Бид хэрхэн тоглох, түүнд хэрхэн бэлдэхээ мэднэ. Тиймээс гол нь түүнийгээ хэрэгжүүлэх хамгийн чухал. Бид бэлэн байна. Гэхдээ энэ нь арван сарын өмнөх тоглолттой хамаагүй. Тэр бол өнгөрсөн зүйл. Бид одоо энэ шатны тухай бодож, сайн тоглохыг хичээх болно.”

“Миний хувьд сэлгээний эсвэл гол тоглогчид гэсэн ангилал байхгүй. Надад 25 сайн тоглогч бий. Би тэднийг бүгдийг нь ашигладаг. Мэдээж зарим нь арай их, зарим арай бага талбайд гардаг. Гэхдээ бүгдээрээ л надад чухал. Иско бол тэдний нэг. Энэ бол үндэсний шигшээ багаас бага зэрэг ялгаатай. Бид гурван хоног тутам тоглодог. Бидэнд нэг улиралд нийт 60 тоглолт бий. Тиймээс бүх тоглогчид маань энэ удаад тоглолтонд оролцоно гэдэг сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Энэ л миний бэлтгэлийн гол зарчим. Би үүнийгээ ч өөрчлөхгүй.”

Зинедин Зидан 2001 онд дэлхийн дээд амжилтыг тогтоосон өндөр үнээр “Ювентус”-ээс “реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд нэгдэж байлаа.

“Реал Мадрид”, “Ювентус” багууд өмнө нь нийт 19 удаа тоглоход Испанийн баг ес, Италийн баг найман удаа хожиж, хоёр тоглолт тэнцээгээр өндөрлөжээ. Мөн хоёр баг яг ижил 22 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан үзүүлэлттэй байна.

“Реал Мадрид” сүүлийн таван тоглолт дараалан хожоод байгаа юм.