АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГИЙН ХЭСГИЙН ТАВ ДАХЬ ТОГЛОЛТУУД ЭХЭЛЛЭЭ

ЧАВИ ЭРНАНДЕСИЙН БАГ ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРАВ

Чави Эрнандес ахлагчтай Катарын “Аль Садд” Доха хотноо Арабын Нэгдсэн Эмиратын “Аль Васл” багийг хүлээн авч Азийн аваргуудын лигийн хэсгийн тав дахь тоглолтоо хийлээ. Дөнгөж ес дэх минутанд зочин багийн хамгаалагчийн дутуу дамжуулалтыг ашиглаж Алжир довтлогч Багдад Бунеджах онооны харьцааг нээсэн юм. 26 настай энэ залуу Катарын багийн төлөө сүүлийн хоёр улирал үнэхээр гайхалтай тоглож байгаа. Аваргуудын лигт таван тоглолтын дөрөвт нь гоол орууллаа. Энэ хоёр баг өмнө нь хэсгийн эхний тойрогт таарахад Багдад Бунеджах хоёр гоол оруулж 2:1-ийн харьцаатай “Аль Садд” хожиж байсан юм. Тэгвэл энэ өдөр ч Алжир залуу дахин хоёр гоол оруулж Аваргуудын лигийн мэргэн буучдын долоон гоолтой хошуучилж эхэллээ. Хэсгийн шатанд гурав дахиа дүбль хийж байна. Багдад Бунеджах өнгөрсөн жил лигтээ 20 тоглолтонд 24 гоол оруулж байсан бол одоогоор Катарын лигийн 10 тоглолтонд 14 гоол оруулаад байгаа ч баг нь сүүлийн гурван тоглолт дараалан ялагдсанаар тэргүүлэгчээсээ 11 оноо дутуу болоод байгаа юм. Тэрээр энэ өдөр хэт-трик хийх тун дөхсөн. Үндсэн цаг 2:0-ээр дууссан ч шүүгчийн сунгасан гурван минутын хоёр дахид нь “Аль Васл” багийнхан тоог ойртуулснаар 2:1-ийн харьцаатай тоглолт дууссан юм. Ийнхүү “Аль Васл” таван тоглолтоос ганц ч оноо авч чадсангүй. Харин “Аль Садд” 12 оноотой хэсгээ тэргүүлж дараагийн шатны болзлоо хангачихаад байна.

Аваргуудын лигийн “Си” хэсэгт нөгөө тоглолт гоолгүй өндөрлөснөөр Ираны аварга “Персеполис” 10 оноотой хоёрт эрэмблэгдэж мөн дараагийн шатны болзлоо хангасан бол Узбекстаны “Насаф Карши” долоон оноотой гуравт бичигдэн Аваргуудын лигээ өндөрлүүлэхээр боллоо. Сүүлийн тойрогт “Аль Садд” тэргүүллээ хадгалахын төлөө “Персеполис”-ийн эсрэг тоглоно.

Ираны Тегеран хотын “Азади” цэнгэлдэхэд талбайн эзэн “Эстеглал” Катарын “Аль Райян” багийг хүлээн авч хожигдолгүй цувралаа үргэлжлүүллээ. Гэхдээ тоглолтын өмнө “Аль Райян” ч хожигдолгүй, хоёр баг ижил зургаан оноотой байсан юм. Тоглолтын дөрөв дэх минутанд Ираны багийн Узбек довтлогч Сервер Жепаровын цохьсон бөмбөг хаалганы шугам давсан. Хоёр удаагийн Азийн оны шилдэг хөл бөмбөгчин, өдгөө 35 настай энэ залуу Аваргуудын лигийн энэ улирлын анхны гоолоо оруулсан юм. Хоёр баг өмнө нь хэсгийн эхний тоглолтоо Доха хотноо хийхэд 2:2-ийн харьцаатай тэнцэж байлаа. Эхний хагаст өөр гоол ороогүй. Харин завсарлагааны дараахан Катарын багийн хамгаалагч торгуулийн шугамандаа алдаа гаргасан. Гэхдээ удаашруулсан бичлэгээс харвал хөлд нь бараг хүрээгүй шахам байлаа. Ийнхүү 2:0-ийн харьцаатай “Эстеглал” талбайдаа хожиж хэсгийн багуудаасаа хамгийн түрүүнд дараагийн шатны болзлоо хангасан юм. Харин Микеал Лаудрупын багийн хувьд сүүлийн тоглолт бүхнийг шийднэ.

М.БЕРГ ХОЁР ТОРГУУЛИЙН ЦОХИЛТ ГҮЙЦЭТГЭЖ БАГАА ЯЛАЛТАНД ХӨТӨЛЛӨӨ

Аваргуудын лигийн “Ди” хэсгийн тавдугаар тойргийн нөгөө тоглолт АНЭУ-ын “Аль Аин”, Саудын Арабын “Аль Хилал” багуудын хооронд боллоо. Мөн л тоглолт эхлээд удаагүй байхад гоол орсон. Чөлөөт цохилтоос зочид тэргүүлж эхэлсэн. Гоолын эзэн Саудын Арабын хөл бөмбөгчин, баруун жигүүрийн хамгаалагч Мохаммед Аль Брейк байлаа. Тэгвэл 39 дэх минутанд талбайн эздэд торгуулийн цохилтоос тооны харьцааг тэнцүүлэх боломж гарсан юм. “Аль Аин” багийн ахлагч Омар Абдулрахманыг торгуулийн бүст унагасан. Цохилтыг Швед довтлогч Маркус Берг амжилттай гүйцэтгэсэн юм. Үүний өмнөхөн Омар Абдулрахман торгуулийн цохилтоо алдаад байлаа. Тэгвэл Маркус Берг энэ тоглолтонд хоёр удаа торгуулийн цохилтоос гоол оруулсан. Өөрөөр хэлбэл талбайн эздэд гурван удаа пеналти гүйцэтгэх боломж олдсон юм. Тоглолт завсарлахын өмнөхөн онооны харьцаа 2:1 болж “Аль Аин” хошуучилж эхлээд байлаа. Маркус Берг Аваргуудын лигт дөрвөн гоол орууллаа. Хорватын алдарт хөл бөмбөгчин, дасгалжуулагч Зоран Мамичаар удирдуулсан “Аль Аин” дөрөв дараалан тэнцээд байсан цувралаа зогсоож анхны ялалтаа байгууллаа. Хэдийгээр тоглолтын төгсгөлд Эмиратын багаас Мохамед Абдулрахман хоёр дахиа шар хуудсаар торгуульж талбайгаас хөөгдсөн ч зочид гоол оруулж чадсангүй, 2:1-ээр “Аль Аин” хожсон юм.

“Ди” хэсэгт Ираны “Эстеглал” есөн оноотой тэргүүлэн дараагийн шатанд өрсөлдөх хоёр эрхийн нэгийг авлаа. Харин Саудын Арабын лигийн аварга “Аль Хилал” тэмцээнийг үргэлжлүүлж чадахгүй нь тодорхой болсон. Сүүлийн тойрогт Эмиратын “Аль Аин”, Катарын “Аль Райян” багууд шийдвэрлэх тоглолт хийх болно.