Сагсан бөмбөг, теннис, хөл бөмбөг, хоккей

НОТР ДАМЫН ИХ СУРГУУЛИЙН БАГ ХОЁР ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ

АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод эмэгтэйчүүдийн коллежийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дээд дивизионы аваргын төлөөх тоглолт Нотр-дамын их сургууль, Миссиссиппи мужийн их сургуулийн багуудын хооронд явагдаж Нотр-Дамын их сургуулийн баг түүхэндээ хоёр дахь удаагаа аваргаар тодорсон байна. Тэд 17 жилийн өмнө анх удаа түрүүлж байсан юм. Тэгвэл түүнээс хойш 2011-2015 оны хоорондох таван жилд дөрвөн удаа финалд шалгарсан ч дахин түрүүлж чадаагүй байлаа. Хамгийн сонирхолтой нь энэ тоглолтын цаг дуусахаас гурван секундын өмнө Нотр-Дамын их сургуулийн багийн хамгаалагч Арике Огунбовали гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэснээр цаг сунгасангүй 61:58-аар ялалт байгуулжээ. Арике Огунбовали өмнө нь хагас шигшээд энэ тэмцээний хамгийн олон удаагийн аварга, заналт өрсөлдөгч Коннектикутын багийг буулгаж авахад цаг дуусахаас ганцхан секундын өмнө хожлын оноог авч байсан юм. Миссиссиппи мужийн их сургуулийн баг сүүлийн хоёр жил дараалан аваргын төлөө тунаад байсан ч анх удаа түрүүлж чадсангүй.

ЖОН ИСНЕР АНХНЫ МАСТЕРСЫН ЦОМОО НУТАГТАА ӨРГӨЛӨӨ

АНУ-ын Флорида мужийн Майами хотноо болсон “Майами Опен” талбайн теннисний тэмцээнд зохион байгуулагчдын гол найдвар Жон Иснер түрүүлж, анх удаа мастерс ангиллын 1000 оноо олгох тэмцээний аваргаар тодорсон байна. Тэрээр шувтаргын тоглолтонд Германы залуу од, өнгөрсөн жил хоёр ч Мастерс тэмцээнд түрүүлж, 20 настай теннисчин Александр Зверевтэй тоглосон юм. Түүнээс 12 насаар ах Жон Иснер дөрөв дэх удаагаа Мастерс тэмцээний финалд шалгарсан нь энэ байлаа. Тоглолтын эхний сетд Зверев тайбрийкээр хожсон ч дараа нь 6:4, 6:4-өөр Иснер хариуг барьж тамирчны замналын 14 жилдээ хамгийн том цомоо өргөлөө. 2 м 8 см америк эр дэлхийн чансаанд 17-өөс 9-рүү дэвшлээ. Энэ нь түүний 2012 онд үзүүлж байсан замналынх нь оргил үзүүлэлтийг давтсан амжилт байлаа.

АНУ-ЫН ТЕННИСЧИН, “МАЙАМИ МАСТЕРС”-ЫН АВАРГА ЖОН ИСНЕР:

“Итгэмээргүй, Энэ бол агуу түүхтэй тэмцээн. Саяны тоглолтыг хүртэл би ийм гайхалтай тэмцээнд түрүүлнэ ч гэж санасангүй явлаа. Миний замналын хамгийн шилдэг мөч, тэр тусмаа Нэгдсэн улсын тэмцээнд байсан нь бүр онцгой болгож байна.”

“ЛАЙПЦИГ” ГЕРМАНЫ ЛИГТ ГУРАВ ДАРААЛАН ХОЖИВ

Германы хөл бөмбөгийн дээд лигийн өнгөрсөн тойрогт тэргүүлэгч “Байерн Мюнхен”-ийг хожсон “Лайпциг” 28 дахь тоглолт “Ханновер 96”-гийн талбайд хийлээ. Дасгалжуулагч Андре Брайтенрайтер одоогоос жилийн өмнө “Ханновер”-ийн багт томилогдож байлаа. Түүний баг сүүлийн таван тоглолт дараалан хожигдоод байна. 53 дахь минутанд онооны харьцаа 2:0 болсон. Гэхдээ талбайд эздээс Сенегал хамгаалагч Салиф Сане 71 дэх минутанд тоог ойртуулсан ч таван минутын дараа Лайпциг дахин хоёр бөмбөгний зөрүүтэй хошуучлах болсон юм. “Лайпциг” лигтээ гурван тоглолт дараалан хожлоо. “Лайпциг”-ийн гурав дахь гоолоос хоёр минутын дараа “Ханновер”-ийнхан дахин тоог ойртуулсан ч тэнцүүлж дөнгөсөнгүй тоглолт 3:2-оор дуусч “Лайпциг” 13 дахиа хожлоо. Тэд өмнөх багаасаа хоёр, тэргүүлэгчээс 23 оноо дутуу Аваргуудын лигийн эрхтэй хүснэгтийн дөрөвт эрэмблэгдэж байна.

СЕРЖ ГНАБРИ ХОЁР ГООЛ ОРУУЛЖ “ХОФФЕНХАЙМ” ХОЖЛОО

Германы лигийн энэ улирал өндөрлөхөд багуудад зургаан тоглолт үлдээд байна. “Хоффенхайм”-ын талбайд “Кёльн” зочилсон тоглолт 6:0-ээр дууслаа. “Байерн Мюнхен”-ээс зээлээр тоглож байгаа Серж Гнабри тоглолтын эхний хоёр гоолыг оруулсан байна. Английн “Арсенал” клубын сургуулиас мэргэжлийн замналаа эхлүүлж байсан 22 настай герман тоглогч сүүлийн дөрвөн тоглолтонд дөрвөн гоол оруулаад байна. Кёльн клуб сүүлийн дөрвөн тоглолтын гуравт нь хожигдлоо. Тэд өмнөх багаасаа зургаан онооны зөрүүтэй унах бүст эрэмблэгдэж байгаа. Энэ өдөр “Хоффенхайм”-аас Марк Ут мөн хоёр гоол багтаа авчирсан байна. “Хоффенхайм” 11 дэхээ хожиж 42 оноотой хүснэгтийн долоод эрэмблэгдэж байгаа юм.

ЯННИК КАРРАСКО ДЕБЮТ ГООЛОО ОРУУЛЖ БАГ НЬ АНХНЫ ОНООГОО АВАВ

Хятадын хөл бөмбөгийн лигийн “Далянь Ифан” багт тоглож байгаа Бельги хөл бөмбөгчин Янник Карраско дебют гоолоо оруулсан байна. “Далянь Ифан” багийг нэгэн цагт “Барселона”, “Реал Мадри”д багуудад гялалзаж явсан Бернд Шустер удирдаж байгаа. Николас Гайтаны хийсэн булангийн цохилтоос тэрээр тоог нээсэн. Баг нь үүний өмнөх гурван тоглолтонд бүгдэд нь хожигдоод байсан юм. 34 дэх минутанд талбайн эзэн “Хенань Жианье” багийнхан тоог тэнцүүлж тоглолт 1:1-ээр өндөрлөсөн юм.

КЛААС ЯН ХУНТЕЛААР ТОГЛОЛТЫН ТӨГСГӨЛД ЯЛАЛТ АВЧИРЧЭЭ

Голландын хөл бөмбөгийн лигийн 29-р тойрогт “Гронинен” клубын талбайд “Аяакс Амстердам” зочилж, Клаас Ян Хунтелаарын тоглолтын төгсгөлд оруулсан гоол багтаа ялалт авчирчээ. Лигийн тэргүүлэгчдээс долоон оноо дутуу хоёрт бичигдэж байгаа Аяакс энэ тоглолтонд эхлээд гоол алдсан. Улмаар “Гронинен” 2:0-ээр тэргүүлэх боломж байлаа. “Аяакс”-ын хамгаалагч торгуулийн бүстээ гар хүрч шүүгч 11 метрийн цохилт заасан. Гэхдээ Камерун хаалгач Андре Онана гайхалтай байлаа. Тэгвэл хоёрдугаар үед онооны харьцаа тэнцсэн. Гоолын эзэн нь Голландын алдарт хөл бөмбөгчин Патрик Клюйвертийн хүү, Жастин Клюйверт байлаа. Өдгөө дөнгөж 18 настай тэрбээр лигтээ найм дахь гоолоо оруулсан юм. Тоглолтын сүүлээр эхний үед бөмбөгөнд гар хүрч байсан Аяаксын багийн ахлагч Жоел Велтман хоёр дахиа шар хуудсаар торгуульж талбайгаас хөөгдсөн. Ийнхүү хэдийгээр хүн дутуу болсон ч Клаас Ян Хунтелаарын гоол “Аяакс”-т ялалт авчирсан юм. Хоёр дахь гоолын эзэн Жордан Клюйвертийн дамжуулалт байлаа. Хунтелаар лигтээ 12 дахь гоолоо оруулж “Аяакс” гурав дахиа дараалан хожлоо.

КЛОД ЖИРО НЭМЭЛТ ЦАГТ ХОЖЛЫН ШАЙБ ОРУУЛАВ

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн дорнод конференцийг тэргүүлэгч “Бостон Бруйнс” нэмэлт цагт хожигдол хүлээлээ. “Филадельфи Флайрс” талбайдаа тэднийг хүлээн авахад Клод Жиро тоглолтын эхний, мөн шийдвэрлэх сүүлийн гоол оруулсан юм. Клод Жиро лигийн 28 дахь гоолоороо тоог нээн эхний үед 2:0-ээр тэргүүлсэн. Сонирхолтой нь “Флайрс” энэ тоглолтын төгсгөлд 3:2-оор хожиход тун ойрхон байлаа. Гэвч цаг дуусахаас 3.8 секундын өмнө Патрис Бержерон онооны харьцааг тэнцүүлснээр нэмэлт цагт ялагч тодорсон. Түүний 30 дахь гоол байлаа. Улмаар тоглолтын эхний гоолын эзэн Клод Жиро улирлын 29 дэх шайбаа оруулснаар 4:3-ийн харьцаатай “Филадельфи Флайрс” дараалсан ялалтаа байгууллаа. Тэд 40 хожил, 14 тэнцээний 94 оноотой Дорнодын долоод, харин Бостончууд 12 дахиа нэмэлт цагт хожигдол хүлээж 110 оноотой конференцээ тэргүүлж байгаа юм.

“ЦСКА” ТЭРГҮҮЛЭГЧЭЭС ТАВАН ОНОО ДУТУУ БОЛЖ ОЙРТЛОО

ОХУ-ын Ростов хотын Олимп цэнгэлдэхэд “ЦСКА Москва” зочилж Премьер лигийн 23 дахь тоглолтоо хийжээ. “ЦСКА” өвлийн завсарлагааны дараа гурван тоглолт дараалан хожлоо. Энэ өдөр завсарлагааны өмнөхөн Георгий Щенников эхний гоолыг оруулсан. Вассилий Березуцкигийн солгой хөлийн цохилт хамгаалагчийн хөлд ойж чигээ өөрчилснийг Щенников төгсгөсөн. Харин хоёрдугаар хагасч чөлөөт цохилтоос онооны харьцаа тэнцээд байлаа. “Ростов” унах бүсийн дээхнэ бичигдэж байгаа. Харин лигийн тэргүүлэгчид энэ тойрогт хожигдсон нь “ЦСКА”-д онооны зөрүүг ойртуулах боломж болоод байсан юм. Тэгвэл 75 дахь минутанд Понтус Вернблум хожлын гоолыг талбайн эздийн хаалганд оруулсан юм. Ийнхүү “ЦСКА” 13 хожил, таван тэнцээний 44 оноотой, тэргүүлэгчээс таван оноо дутуу гуравт эрэмбэлэгдэж байна.