Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх хуулийн төсөл өргөн барина

????????????????????????????????????

Бага насны хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт цаазын ял оноох тухай нэмэлтийг эрүүгийн хуульд оруулах хуулийн төслийг монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж байна. Тэрээр хуулийн төслөө энэ сард эхлэх УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсон бөгөөд өнөөдрөөс хуулийн төсөлдөө олон нийтийн саналыг авч эхэлжээ.

Зөвхөн 2017 онд гэхэд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх судалгаа гарсан. Үүн дотор эхийнхээ хөхнөөс гараагүй хөл дээрээ алхаж гишгэж сураагүй нэг нас дөрвөн сартай, нэг нас найман сартай бяцхан үрсийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг ч бүртгэгдээд байгаа юм. Энэ мэт хүний ёсноос хальсан жигшүүрт хэрэг үйлдэгчдэд үүрүүлэх ялын асуудлаар өнгөрсөн оны 11 сарын 27 ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зүйн дотоод хэргийн сайдад байр сууриа илэрхийлж бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноох хуулийн төслийг уих-д оруулж, батлуулах санал хүргүүлжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгчийн саналд ямар нэг хариу ирээгүйн дээр өнгөрсөн долоо хоногт хздх-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж цаазын ялыг сэргээх боломжгүй гэж үзсэнээ мэдэгдсэн. Тиймээс ерөнхийлөгч үндсэн хуулиар өөрт олгогдсон хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төсөл өргөн барихаар болжээ.

Тэгвэл энэ асуудлаар үндсэн хууль судлаач, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан өөрийн байр сууриа дахин илэрхийлээд байна.

Тэрээр: Ерөнхийлөгч ийм дэмий сэдвээр иргэдийг талцуулахын оронд хүүхдийн эсрэг бэлгийн болон бусад хүчирхийллийг яаж бууруулах вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ, яаж илрүүлэх вэ, эцэг эх юунд анхаарах уу, монгол улсын болон бусад улс дахь энэ талын сайн туршлага юу вэ гэх мэтийг ярилцаж, шийдвэрлэхэд цаг зарцуулах байсан юм.
Одоогийн эрүүгийн хуулиар цаазын ялыг халсан ч гэсэн иймэрхүү онц хүнд гэмт хэрэг үйлдэгчийг бүх насаар нь хорих гэсэн хүнд ялаар хатуу шийтгэж байгаа билээ. Монголд бүх насаар нь хорих ялаар шийтгүүлсэн хүн шоронгоос амьд гарсан нэг ч тохиолдол байхгүй гэдэг.

тэгвэл ерөнхийлөгчийн ХЗДХ-ийн сайдад хүргүүлсэн саналын дагуу дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж цаазын ялыг сэргээх боломжийн талаар санал дүгнэлтээ гаргасан байна. Энэ ажлын хэсэгт УДШ, УЕПГ, ГХЯ, ХЭҮК, Хуульчдын холбоо, МУИС-ын эрдэмтэн судлаачид гэсэн өргөн хүрээг хамарсан төлөөлөл багтаж үндсэн 6 асуудлаар санал дүгнэлтээ гаргажээ. Тодруулбал ажлын хэсэг цаазын ялыг Монгол Улс сэргээх боломжгүй гэж үзжээ. Харин монгол улсын ерөнхийлөгч бүрэн эрхээ эдлэн эрүүгийн хуульд цаазаар авах ялыг сэргээх хуулийн төслийг өргөн баривал засгийн газар саналаа илэрхийлнэ гэлээ.

Ч.Дэлгэрцэцэг