Хууль бус барилга

Одоогоос таван жилийн өмнө Сүхбаатар дүүргийн 4-р хороо буюу дөч тавин мянгатын орон сууцанд гал гарах үеэр ердөө нэг л гудамж галын машин оруулах боломжтой байсан бол энэ гарцыг хааж барилга барихаар тус орон сууцны өргөтгөлийг нурааж хашаалах ажлыг “Зан интернэшнл” компани хийж эхэлсэн байна. Харин 44-р байрны 1280 оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал энд хөндөгдөж байгаагаас гадна оршин суугчдаас зөвшөөрөл аваагүй юм байна.

Бидний хэлж заншсанаар дөч тавин мянгат буюу Улсын их дэлгүүрийн урд хэсгийн орон сууцны хороолол дунд хоёр байшинг дамнасан барилга баригдаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. СБД-ийн 4-р хорооны 44, 45-р байрны орох гарах ганц гарыг хаан орон сууц, үйлчилгээний барилга барихаар “Зан интернэшнл” ХХК 2004 онд онд тухайн үеийн Газрын албанаас зөвшөөрлөө авч байжээ. Гэвч өнөөдөр зөвхөн дээрх хоёр байшингаас гадна дөч, тавин мянгатын орон сууц дундуур орох ганц боломжтой гарцыг хааж барилга барихаар тус компани хашаагаа татхаар болжээ. Гэхдээ 1200 гаруй оршин суугчидтай 45-р байрны зөвхөн 5 хүнээс гарын үсэг бичиг баримтын хуулбарыг авч зөвшөөрөл авсан гэж байгаа юм. Хэдэн долоо хоногийн өмнө тус компани барилгын ажлаа эхэлхээр 44-р байрны өргөтгөлийг хүчээр нураасан байна. Үүний улмаас тус байрны зарим давхарт цууралт хүртэл гарчээ. Тус компанид нийтдээ 480 м кв талбай бүхий газар олгосон хэдий ч энэ газарт барилга барих зөвшөөрөл хууль бус шийдвэр болно 44, 45-р байрны оршин суугчид үзэж байгаа бөгөөд өнөөдөр ч гэсэн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж байна.

 

Б.Одонгарав