Хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажлын байраар хангана

-Манай улсын нийт хүн амын 8.5 хувь нь хүнс тэжээлийн дэмжлэг авдаг-

  • Нийгмийн халамжийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй үзүүлэх шаардлагатай өрхийн гишүүн, иргэнд чиглэсэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний босго шугамыг 2018 онд нийслэлд 292,5 ба түүнээс доош, аймагт 310 ба түүнээс доош оноогоор тогтоосон байна.
  • Дээрх босгоноос доогуур оноотой буюу нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 50 орчим мянган өрхийн 267 мянга орчим иргэнд бидний хэлж заншсанаар хүнсний талон буюу хүнсний эрхийн бичиг олгосон байна.
  • эдгээр иргэдээс 15 мянга 150 нь ахмад настан, 23 мянга 802 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бол
  • Нийт хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа хүмүүсийн 46,7 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Манай улсын нийт хүн амын 8,5 хувь нь хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байна. Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай эсэхээс үл хамаараад хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг үзүүлнэ гэж заасан байдаг.

-Энэ онд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 42.2 тэрбум төгрөг төсөвлөжээ-

Энэ онд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний өрхийн гишүүнд очих мөнгөн дүнг нэмж хүүхэд 8000, том хүн 16000 төгрөг болжээ.

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдсан өрх нийт 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний туслалцаа авдаг. Эдгээрт импортын бус мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн бусад цөцгийн тос буюу масло, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнийг хүнс тэжээлийн эрхийн бичгээр авдаг байна. Тэгвэл Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажлын байраар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Б.Хулан