Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал

Монгол улсад 1996 оноос хүүхэд хамгааллын тухай хууль , 2016 оноос хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдаж хүүхэд хамгааллын ажлыг эрх зүйн зохицуулалтаар баталгаажуулж өгсөн. Үүнээс гадна шинэчлэгдэн батлагдсан эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулиудад хүүхдийн эрхтэй холбоотой зүйл заалтууд тусгагдсан байдаг. Гэхдээ хууль эрх зүйн орчин сайжирсан ч иргэд, гэр бүлийн гишүүд, хүүхдийн өмнө хариуцлага хүлээж байгаа бүх талын оролцоог сайжруулах зайлшгүй шаардлага байгаа юм.

Манай улс Ази тивдээ хүүхдийн эрхтэй холбоотой хуулийн хэрэгжилтэд хяналт тавих улсын байцаагчтай болсон анхны, нийгмийн бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүрэн хориглосон 49 дэхь улс болсон. 2016 онд шинэчлэгдсэн батлагдсан хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн өмнө үүрэг хүлээгч талуудын үүрэг, оролцоо ямар байхыг хуулинд нарийн тусгаж өгсөн байдаг.

Хүүхэд хамгааллын тухай, хүүхдийн эрхийн тухай, мөн бусад хуулийн хүрээнд 2015- 2018 оны хооронд “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн мэдлэг ур чадварыг 80 гаруй хувиар нэмэгдүүлсэн байна.

Хүүхэд хамгааллын асуудал орон нутагт харилцан адилгүй байдаг. Жишээ нь орон нутагт нүүдлийн мал аж ахуйгаас шалтгаалан сурагчид төв, сум бараадан бие дааж хүүхэд хүүхдээ харах, хамаатан садан, айл, дотуур байранд амьдрах нь хүчирхийлэлд өртөх эрсдэлт нөхцөл болж байгааг мэргэжилтнүүд онцолдог.

Хэдийгээр хууль хэрэгжиж хамгаалал шаардлагатай хүүхдийн асуудлыг шийдэх үйл явц тодорхой болсон ч асуудлын мөн чанарыг шийдвэрлэх, гэр бүлийн уур амьсгал, хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд ээж аав нарын оролцоо чухал. Тиймээс эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын цуврал сургалтуудыг дээрх төслийн хүрээнд зохион байгуулсан байна.

Б.Хулан